horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Гүйцэтгэх захирлуудаар Ерөнхий сайд нар юу гүйцэтгүүлдэг вэ?

post-img

“Эрдэнэс Монгол” компанийн харьяа компаниудын 1 ч захирлыг ТУЗ сонгон шалгаруулж чадаагүй. Дандаа Засгийн газар томилсон” гэж “Эрдэнэс Монгол” ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, “Эрчист Монгол” ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн хэлэв. Хэлсэн нь л тэр болохоос үүнийг бүгд харж, мэдэж байгаа. Түүний хэлсэн, бид бүгдийн мэддэг энэ үнэн одоо ч үргэлжилж байна.

Улстөрийг эдийн засгаас салгаагүй цагт энэ завхрал үргэлжилнэ. Улс төр, эдийн засаг хоёр сиамын ихэр шиг холбоотой байгаа учраас Монголд улсын өмч гэж алга. Манай нийтийн өмчийн 99% нь төрийн өмч. Хувийн бүх өмчийг нийлүүлээд, 1%-д ч хүрдэггүй. Газар, газрын доорх баялаг, агаар, агаарын орон зай, ургамал,  амьтан, түүх, соёлын дурсгал уг нь улсын өмч баймаар.

Гэвч үүнд төр эзэн сууж, Монголын бүх хөрөнгөний 99%-ийг өөртөө өмчилжээ. Энэ өмчид МАН эзэн сууж, 1%-ийг өмчилдөг эздийг дарангуйлсаар байна. Энэ тухай МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважав “Энэ өмчийн тоглолтыг тодорхой болгохгүй бол мөнхийн хэрүүлтэй байна. Энэ тухай би 2010 оноос бүх Ерөнхийлөгчид хэлээд л байгаа. Тэд төрийн нийтийн өмчид эзэн суухаараа мартчихдаг юм” гэж ярьсан юм.

Зориуд мартдаг биз дээ. Г.Занданшатар ч төрийн өмчит компаниудыг өөрчлөн сайжруулах гээд байгаа юм шиг мөртлөө ам, ажил нь зөрөөд л байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгч болгохоор УИХ-ын дарга Н.Учрал нэр дэвшүүлсэн. Түүний оронд Б.Даваадалайг тавих нь.

Ерөнхий сайд Г.Занданшатар ийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан, 8 зөвлөхийнхөө 1-ийг, нутгийнхаа дүүг Монголын хамгийн том, хамгийн баян компанийн босс болгож, шагнах гэж байна. Түүнийг энэ албанд тавихыг Ерөнхийлөгч санал болгосон ч байж болох юм. Учир нь Б.Даваадалай Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлээс үзвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөх бол төрийн өндөр албан тушаалтантай адил албан тушаалтан. Ийм хүнээр төрийн өмчит компани удирдуулж болохгүй л дээ. Олны хэлдгээр доошоо орчихно.

Төрийн өмчит компаниудын захирлуудыг улстөрчид ийм байдлаар томилдог. Цаанаа бол ийм ч наанаа бол ТУЗ нь хуралдаж, томилсон шийдвэр гаргадаг. ТУЗ-ийн томилгоо бол нэр төдий, харагдах байдал төдий зүйл. Үүнээс өмнө бол Засгийн газраар хэлэлцсэн болоод, Ерөнхий сайд шууд томилдог байлаа.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022.08.31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол”-ын Зэс, металлын грүппийн захирлаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилсон. Тэр томилгоог нь ТӨБЗГ ёсчилсон төдий.

Энэ ёсолгоо одоо ч амь бөхтэй оршиж, “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа МИАТ, “ДЦС 4” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудыг ЗГ 2025.11.28-нд чөлөөлж, АТГ-т шилжүүллээ. “Эрчист Монгол” уг нь 9 хүнтэй ТУЗ-тэй. Тэр нь бэлгэдэл төдий оршиж, эрх мэдлээ Засгийн газарт алдсаныг нотлох ийм баримт өдий төдий.

“Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирлыг ТУЗ нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Гэвч Засгийн газар тийм шалгаруулалтгүйгээр УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг 2025.04.14-нд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. “Эрдэнэс Монгол”-ын захирлыг гадаад хүн тавихаар сонгон шалгаруулалт зарлах болмжийг Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа судлаад “Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас засаглалын хувьд хараат бусаар ажиллах боломж байна уу гэх мэт олон шаардлага тавьдаг юм билээ. Тиймээс гадаадынхан энд ирж ажиллая гэдэг сонирхол их бага” гэж 2025.06.25-нд мэдээлсэн. Монголын Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа ТУЗ, гүйцэтгэх захирлыг хараат байлгадаг тул гадаадынхан уг ажлыг сонирхдоггүй ажээ. Ийм л байна. Тэд хүртэл мэдэж байна.

Ингээд л манайх төрийн өмчит компаниудаа гадаад хүнээр удирдуулах тухай яриаг мартаж, дотооддоо сонгон шалгаруулалт зарлаж эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 2025.11.07-нд тус компанийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хороо зарлав. Уг сонгон шалгаруулалтад нийт 18 хүн нэрээ дэвшүүлснээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тунаж үлджээ. Бас л төрийн өндөр албан тушаалтантай адил албан тушаалтан. МАН-ыг сонгуульд ялуулсан шагналаа хүртэж, төрийн өмчит том, баян компанийг толгойлох болж байна.

Төрийн өмчит компаниудын үе үеийн гүйцэтгэх захирлууд улс төрийн томилгоогоор энэ албан тушаалд ирж, дийлэнх нь идсэн уусан гэх асуудлаар ажлаа өгдөг. “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн андуурч илгээсэн мэссэжийг сануулъя. Ийм хүмүүс төрийн өмчит компаниудыг удирдаж байхад, ашигтай ажиллана гэж байхгүй л дээ. Алдагдалд ороод байдаг нь аргагүй. 1 төгрөг олохын тулд 1.2 төгрөг зарцуулдаг компани төрд л байна.

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр хүнийг сольсноор ажил сайжрахгүй. 2012.12.23-нд Ерөнхий сайд С.Батболдын байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” үүний тод жишээ. Анхны гүйцэтгэх захирал Б.Энэбиш нь 1.6 тэрбум төгрөгийн үнэтэй 10 самосвал, хүнд даацын машины дугуйны тендерээс мөнгө завшсан, Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ хийхдээ Тавантолгойн Баруун Цанхийг барьцаанд тавьсан гэх мэт хэрэгт унаж, эх орноосоо явсан. Түүний оронд 2015 онд ирсэн Я.Батсуурийг Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнд 14 тэрбум төгрөг гаргаж өгсөн хэрэгт буруутган, шүүх 2 жил хорих ял оноосон. Оронд нь очсон Ч.Сайнбилэг 20 хоноод тэндээс зугтсан бол ажлыг нь авсан Б.Батбилэгийг “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх гэтэл “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ эсэргүүцэн, зулын гол болох гэж оролдоод, халуулсан. 2016 онд түүний ажлыг авсан Д.Ариунболдыг нүүрсний нууц гэрээний зохиогч гэдэг. Үүргээ гүйцэтгэсэн түүнийг “Эрдэнэс-Алт ресурс” ХХК руу явуулаад, Б.Ганхуягийг тавьсан ч шоронд орсон.

Гүйцэтгэх захирлууд энд байх хугацаандаа энэ компанийг яаж ашиглах вэ гэдгээ л боддог. Тэр нь төрийнх нэртэй ч хэнийх ч биш учраас туйлах боломж олддог учраас тэр. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Муу жишиг одоо Монголд тогтлоо шүү дээ. Захирал тавьдаг. Захирал нь шоронд явдаг. Дахиад солиод тавилаа. Дахиад тэр нь шоронд явдаг. Энэ бол хэн нэг хүний буруу биш. Бид буруу схемээр ажиллаад байна. Энийгээ өөрчилье. Яаж гэдгийг хуульчид, шинжээчид, эдийн засагчид, улстөрчид хамтарч ярилцан, шийдэл олох хэрэгтэй. Ингээд нэг зөв бодлого босгоод авъя” гэж ярив. Төрийн өмчит компаниудыг төрөөс нь хамгаалах хэрэгтэй байна л даа.

0/1000