“Дулааны цахилгаан станц 4″ ТӨХК-ийн 1 зуухны халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон төвийн 6 аймагт цахилгаан хязгаарлаж эхэлсэн. Гарсан гэмтлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй баг +70 хэмийн халуунд засаж дууслаа. Энэ засварыг гал унтраасан арга хэмээн “Дулааны цахилгаан станц 4″ ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар мэдээлж байв. Дахин гэмтэл гарахгүй гэх баталгаагүй аж. Гэтэл өнөөдөр уг станцад дахин гэмтэл гарч, эрчим хүч хязгаарлах болсон талаарх мэдээлэл цацагдлаа.
Харин энэ талаар “Дулааны цахилгаан станц 4″ ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатараас тодруулахад “Манай станц 8 зуухтай. Одоогоор гарсан гэмтэл байхгүй. Бид 1-р сарын 20-нд 8-р зууханд гарсан гэмтлийг засаж дууссан. Өнөөдрийн тухайд зуух гэмтээгүй. Харин бид төлөвлөгөөт засвар хийж байгаа. Үүнтэй холбогдуулан эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсон” гэлээ.
“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК нийслэлийн эрчим хүчний 58 хувийг хангадаг.


