Эрчим хүчний нэгдсэн системд үүссэн асуудлын талаар Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар мэдээлэл өглөө.
-Цахилгаан хязгаарлалтыг яагаад үргэлжлүүлэх болов. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай улс ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд явдаг. ОХУ-тай холбогдсон 2 шугамын хамгийн дээд авах чадал 310 мВт. Үүнээс дээш гарах юм бол шугам халах, гэмтэх, тасрах аюултай учраас ОХУ-ын талаас 310 мВт-аас дээш чадал өгдөггүй. Ийм шалтгаанаар хязгаарлалт хийж байгаа.
–Өнөөдөр хэдэн мВт хүчин чадлыг хязгаарлаж байна вэ?
-“ДЦС 4” ТӨХК-ийн 7 зууханд гэмтэл гарсан. Үүнээс шалтгаалж, 100 орчим мВт-ын эрчим хүч дутуу үйлдвэрлэж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрсний хангамж асуудалтай байгаа учраас бүрэн ачаалал авч чадахгүй байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 мВт дутагдалд орсон. Үүнтэй холбоотойгоор цахилгаан хязгаарлаж байгаа. Бүх нөөц боломжоо шавхаад, хэрэглэгчдэд 100 орчим мВт-ыг хязгаарлаж байна.
-Эх үүсвэр талаас нийлүүлж байгаа цахилгаанаас гадна системийн горим ажиллагаа хэвийн явагдахад голлон юу нөлөөлж байна вэ?
-Манай эрчим хүчний салбарын онцлог нь хэрэглэгчийг эрчим хүч хэрэглэх үед нь тухайн шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэж байх ёстой. Хэрэглээ, үйлдвэрлэл зэрэг явагдах ёстой байдаг. Гэтэл манай эрчим хүчний салбарт өнөөдөр үйлдвэрлэл дутмаг, хэрэглээ өндөр болсон. Үүнээс болоод хэрэглээгээ хязгаарлах шаардлага үүслээ. Хэрэглэгчид энэ нөхцөл байдлыг ойлгоод, өөрт шаардлагагүй цахилгаанаа хязгаарлах хэрэгтэй байна.
-Диспетчерийн үндэсний төвөөс хязгаарлалт хийж байгаа. Хэрэглээг яаж тооцож байна?
-Энэ өвлийн хувьд хоногт 1800 мВт цахилгаан хэрэгтэй гэж тооцсон. Цахилгааны бүх үйлдвэр хэвийн ажиллаж байвал цахилгаан хязгаарлахгүй гэсэн урьдчилсан тооцоо байсан. Гэвч харамсалтай нь станцад гэмтэл гарснаас шатгаалаад 1800 мВт хүрч чадахгүй байна.



