Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид нипах вирүсийн халдвар авсан 5 өвчтөн бүртгэгджээ. Тэдний хавьтал 100-гаад хүнийг тус улс хөл хорионы дэглэмд оруулаад байна. Халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байгаа аж.
ДЭМБ болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд нипах вирүсийн тархалт, эрсдэлийг тасралтгүй судалж байгаагийн зэрэгцээ цаашид халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна.
Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад оронд уг өвчин бүртгэгдээгүй байгаа юм. Гэсэн ч гадаадын олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улс нисэх буудлуудад зорчигчдын эрүүл мэндийг тандах, шалгах арга хэмжээ авч эхэлжээ.
Иймд Монгол Улсын иргэдийг доорх арга хэмжээг авахыг Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ анхаарууллаа. Үүнд:
• Халдварын голомт болсон хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах,
• Онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлэг, олон нийтийн газраар явахгүй байх,
• Хувийн ариун цэврийг чанд сахих,
• Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх


