Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд өнгөрсөн оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө, цэнгээний газрын гадаа маргалдаж нэгнийхээ биед ноцтойгоор гэмтэл учруулсан байдаг. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд /хэрэг гарснаас 6 сарын дараа/ болж байна. Шүүх хурал олон нийтэд нээлттэй явж буй. Одоогийн байдлаар шүүх хурал нотлох баримт шинжлэн судлах шатанд үргэлжилж байна.
Шүүх хурлын үйл явцаас тоймлон хүргэж байна.
Шүүгдэгч Ц.Санжаачойпэл: Би гурван сар хоригдохдоо асар их зүйлийг бодсон. Энэ бүх асуудал надаас л болж үүссэн. Би эрх хүний шийр зааж тэвчсэн бол ийм зүйл болохгүй байсан. Хохирогчоос болон гэр бүлээс нь уучлалт гуйя.
Хохирогч Д.Саяннямбуу: Олон жил уулзаагүй найзуудтайгаа “Канте” гэдэг нэртэй бааранд орсон. Баарнаас гараад гадаа зогсож байхад миний таньдаг найз болон Өлзийтулга хоёр зогсож байсан. Тэгээд би тэр хоёр руу очоод “хоол идэх үү” гэж асуусан. Тэгээд огт танихгүй залуу ирээд гэнэт намайг цохисон. Тэр залууг би танихгүй. Тэгээд би газар унаад, ухаан алдсан.
Би зургаан цагийн хагалгаанд нэг удаа орсон. Гэхдээ яс бэхэжсэний дараа дахин хагалгаанд орно. Нүдэнд нэг суулгац хийсэн, яснуудыг төмрөөр бэхэлсэн. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Намайг асарч байсан хүмүүст байгаа байх. Учирсан хохирол арилгахтай холбоотой надад хэн, хэдэн төгрөг өгсөн болохыг мэдэхгүй. Түүнд санаа зовох ухаан надад байгаагүй.
Прокурор: Бусдад чирэгдэж дээш харж унасан байсан Д.Саяннямбууг Б.Амарсайхан баруун гараараа 2 удаа, Л.Алтан-Очир хөл болон гараараа, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар өшиглөж байгаа нь бичлэгээр нотлогдож байна Д.Саяннямбуугийн биед хүндэвтэр, Ц.Санжаачойпэлийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан.
Д.Саяннямбуугийн өмгөөлөгч: Угтаа бол энэ хэрэгт Д.Саяннямбуу хохирогч. Гэтэл яллагдагчаар татсанд санал нийлэхгүй байна.
Гэрч н.Нямбаяр: Машиныхаа хаалгыг онгойлгоод өндийгөөд харахад найз маань газар зодуулчихсан хэвтэж байсан. Би машинаа замынхаа хажуугийн зогсоолд тавиад шууд найз руугаа гүйж очоод яасан бэ юу болсон бэ? гэхэд саяын муу тэр хар футболктой урт үстэй залуу намайг цохиод зодчихлоо гэж байсан.
Тэгэхээр би найзыгаа тайвшир гэж хэлээд 20-оос 30 секунд болж байхад цаанаас найзыг зодсон 5, 6 хүн “Ална аа чи намайг таних уу? Би чамайг хэн ч биш болгоно” гээд манай найз руу олуулаа дайраад зодож эхэлсэн.
Би зүүн тал руугаа цохиулаад газар унасан машины хойгуур ороод тойроод гараад ирэхэд нэг охин хүн алчихлаа гээд орилсон. Би шууд очоод харсан чинь манай найз Саянаа нөгөө газар уначихсан ухаангүй нүүр нь битүү цус болчихсон хэвтэж байсан. Тэр зодсон гэх хүмүүс нь хүн зодчихлоо үхчихлээ гэж бодсон юм байхгүй бусад хүмүүс рүү орилоод “Та нарыг ч гэсэн ална шүү, та нар намайг яаж ч чадахгүй” гэж орилоод байсан.
Эстер гэх эмэгтэй тэр урт үстэй хар хувцастай залууг чирээд авч яваад таксинд суулгасан. Тэгэхээр нь би болон манай найзууд таксинаас чирээд буулгасан цагдааг дагуулаад очсон. Тэгэхэд урт үстэй залуу болон ягаан футболктой залуу хоцроод машинд сууж байсан. Тэгээд би машиныг нь явуулахгүй гээд урд нь замыг нь хаагаад зогссон. “Намайг дайрч алаад явчихна шүү” гэж хэлээд орилоод байсан.
Тэгээд намайг замаар түрээд дайрах гээд байхаар нь би зам тавьсан, тэр машин шууд зугтаасан. Ардаас нь цагдаагийн машин ирээд чанга яригчаар 0330 зогс гэж эхэлсэн зогсохгүй байхаар нь цагдаагийн машин ардаас нь хөөгөөд барьсан.
Гэрч н.Өлзийсайхан: Тухайн баарны хаах цаг болоод Тулгат гэх найзтайгаа хамт үүдээр гарахад манай нөгөө найзууд гадна зогсож байсан. Тэгтэл Тулгат бид хоёр дээр Санжаа ирээд “Би Монголын хамгийн баян хүн Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг хүн. Та нарыг алчхаад зүгээр гарна” гэж орилж эхэлсэн. Саянаагийн нүүрэн тус газар нь миний харснаар хоёр удаа цохисон. Тэгээд үл таних залуу газар унагаагаад нүүр лүү нь өвдөглөөд толгойн тус газар нь удаа дараа цохиж байсан.
18 цагийн байдлаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Шүүх хурал нотлох баримт шинжлэн судлах шатанд үргэлжилж байна. Бид шүүхийн шийдвэрийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.


