horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг булаацалдсан ”Кью Эс Си”-гийн нэхэмжлэлийг шүүх хангасангүй

post-img

“Кью Эс Си” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хооронд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл хамтран хэрэгжүүлэхээр 2010, 2011 онд “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 онд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээ” байгуулжээ. Уг концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатай эзэмшихээр болсон юм. Монгол Улсын Засгийн газар 2022 онд 148 дугаартай “Концессын гэрээг цуцлах тухай” тогтоол гаргаж, хоёроос дээш жил уг төслийн үйл ажиллагаа зогсонги байсан, хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдлийн улмаас бусдад болон улс орны эдийн засагт хохирол учруулсан, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцалсан.
Үүнийг “Кью Эс Си” компани эсэргүүцэн “Төрийн захиргааны эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрүүд болон гэрээний эрхээр хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой. Тус маргаан бүхий тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Сонгох боломжийг хэрэгжүүлээгүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна” хэмээн шүүхэд ханджээ.

Давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг анхан шатны журмаар хянан “Концессын гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Концессын гэрээнд зааснаар “Концесс эзэмшигчийн буруугаас хамааран, 2-оос дээш жил төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд гэрээг ЗГ цуцлахаар заасан. Мөн концессын зүйлийг барьцаалах, худалдах, бэлэглэх, бусдад шилжүүлэхийг хориглосон байхад концессын зүйлийг барьцаанд тавьж, банкнаас их хэмжээний зээл авсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК гэрээнд заасан холбогдох үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй. Мөн гэрээний 6-р зүйлд концесс эзэмшигч нь ногдох албан татвар, төлбөр хураамж болон концессын зүйлийг ашиглах, эзэмших, үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарсан зардал, төлбөрийг бүрэн хариуцах талаар тусгасан. Гэтэл дээрх үүргээ биелүүлээгүй 2020 онд 46,3 тэрбум, 2021 онд 76 гаруй тэрбум, 2022 онд 353,1 тэрбум, нийт 122,7 тэрбум төгрөгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон. “Кью Эс Си” ХХК 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 1,8 их наяд төгрөгийн төмрийн баяжмалыг экспортод гаргаж орлого олж, төр, нийтийн эрх ашигт их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Гэсэн ч тус компани УДШ-д хандсан. Хяналтын шатны шүүх уг гомдлыг 1-р сарын 27-нд хэлэлцээд “Нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээ”-ний үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй боловч, нэхэмжлэгчийг дангаар нь буруутгах боломжгүй. Учир нь концессын гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой эрх бүхий этгээдүүдээс тодорхой шийдвэрүүдийг гаргаж байсан нь тогтоогдож байгаа тохиолдолд концесс эзэмшигчид хууль ёсны итгэл үүссэн гэж үзнэ. Энэ агуулгаараа концессын гэрээний 11.3-т заасан ”Засгийн газрын шийдвэрээр гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй” гэх гэрээний заалт хэрэглэгдэхгүй. Тиймээс нэхэмжлэгч нөхөн олговроо шаардах эрхтэй” гэж УДШ үзлээ. Ингээд Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, тус компанийн гомдлыг хангахгүй орхижээ.

0/1000