Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Энэ шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэхээр Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Мөн боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.
Үүний хүрээнд монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан, цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын яам өгчээ.
Үүний дагуу цахимаар туршилтын шалгалт авсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан, шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байгаа талаар Боловсролын үнэлгээний төв мэдээллээ. Иймд монгол хэл, бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Тиймээс 4 дүгээр сарын 9-10-нд уг шалгалтыг танхимаар авахаар боллоо.

Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ


