Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас эхлэн нөөцийн үхэр, хонины махыг жижиглэнгийн 375 цэгээр, зарим үед өргөтгөсөн худалдаагаар борлуулж буй.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр гуравдугаар сарын 9-ний байдлаар зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь ₮21,000, үхрийнх ₮25,000-ыг давж хямд үнэтэй, нөөцийн махны эрэлт ихэсжээ.
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн болон өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна. Ингэхдээ өргөтгөсөн худалдааг долоо хоногт хоёр өдөр зохион байгуулахаар төлөвлөөд буй. Харин хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр нөөцийн мах өдөр бүр худалдаалж байгаа юм. Худалдааны махны үнэ өндөр, хомсдол зэргээс шалтгаалж нөөцийн махны борлуулалт сайн байгааг албаныхан онцолжээ.
Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг маргааш гаргана. Нөөцийн махыг ченжүүдэд бус зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна” хэмээв.
Нөөцийн махны үнийн тухайд үхрийн мах нэг килограмм нь 15,000, хониных 13,000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ жил есөн ААН нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийнх бол 60 хувь нь хонины мах байна. Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж байгаа юм. Өнгөрсөн жил 8,713 тонн махыг нөөцөлж, худалдаанд гаргаж байжээ.


