horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

“Инстаграм” бол мансууруулах бодис гэсэн нууц и-мэйл ил болжээ

post-img

АНУ-ын иргэн, 20 настай К.Г.М сэтгэл гутралд орсон явдлаа олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээтэй холбон үзэж, “Мета”, “YouTube” компанийг шүүхэд өгчээ. Түүний гомдлыг Лос-Анжелес хотын Дээд шүүх хүлээн авч 42 хоног хэлэлцээд, завсарлаа. Шүүх бүрэлдэхүүн завсарласан хугацаандаа шийдвэрээ гаргаж, эргээд олон нийтэд танилцуулах юм.

Уг шүүх хуралд “Meta”, “YouTube” компанийг дуудсан байна. Тус компаниудыг иргэн К.Г.М бүтээгдэхүүнээ зориуд “донтуулах” хэлбэрээр зохион бүтээж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж буруутгасан бол “Meta”, “YouTube” компанийн өмгөөлөгч нар манай платформууд хэрэглэгчдэд аюулгүй гэж мэдэгдсэн байна. “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Instagram”-ын тэргүүн Адам Моссери нар уг хуралд мэдүүлэг өгсөн юм.

К.Г.М ” Би 6 настайгаасаа “YouTube”, 9 настайгаасаа “Instagram” ашиглаж эхэлсэн. 10 настайдаа сэтгэл гутралд орж, өөрийгөө гэмтээх үйлдэл хийж эхэлсэн. 13 настайдаа өөрийнхөө дүр төрхөнд хэт санаа зовох эмгэгтэй болсон. Нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэгтэй гэж эмч оношилсон. Үүнд олон нийтийн сүлжээний платформууд буруутай” гэж шүүхэд мэдүүлжээ.

Харин олон нийтийн сүлжээний компаниуд түүний сэтгэцийн асуудлыг гэр бүлийн таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, “Эдгээр асуудал инстаграм ашиглаагүй байсан ч үүсэх байсан уу?” гэдэгт тангарагтны шүүгчид анхаарлаа хандуулах ёстой” гэжээ.

Олон нийтийн сүлжээний компаниудын нууцалдаг, дотоод баримт, и-мэйлүүд уг шүүх хурлаар ил болжээ. Тухайлбал: “YouTube” компанийн 2021 оны дотоод баримтад “Хэрэглэгчийн сайн сайхан байдлыг хэмжих үзүүлэлт байхгүй. Гол зорилго нь хэрэглэгчийг донтуулах” гэж дурдсан байв. “Meta” компанийн нэгэн ажилтан 2020 онд “Instagram бол мансууруулах бодис. Бид үндсэндээ хар тамхи нийлүүлэгчид шиг ажиллаж байна” гэж бичсэн и-мэйл ил болжээ.

Хэрэв шүү эдгээр компанийг буруутгавал “Meta”, “YouTube” компани асар их торгууль төлнө. Үүнээс гадна платформынхоо үндсэн алгоритм, үйл ажиллагааг өөрчлөх шаардлагатай болох юм байна.

0/1000