Нийслэлийн ИТХ 2024 оны 2-р сард “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоол гаргаж, нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар хязгаарласан юм. Үүний дагуу нийслэлийн засаг дарга 2024 онд захирамж гаргаж, “Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлт”-ийг баталжээ.
Үүнийг хүчингүй болгуулахаар хэд хэд иргэн, хуулийн этгээд шүүхэд хандсан аж. Тэд “Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхэд халдсан. Захиргааны байгууллагаас маргаан бүхий акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессын, зарчмын зөрчилтэй хэм хэмжээний акт гаргасан. Шинээр худалдан авсан автомашиндаа зохих журмын дагуу улсын дугаар авахад хүндрэл үүссэн. Улсын дугаарыг их хэмжээгээр авч хадгалсан хэсэг хүмүүсээс өндөр үнээр худалдан авахаар нөхцөл байдал үүссэн” гэсэн бол нийслэлийн засаг дарга болон нийслэлийн ИТХ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах үндэслэлээр болон нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, холбогдох судалгаа, тооцооллыг хийж, хууль, дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрүүдийг гаргасан” гэж маргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2025.09.15-нд уг гомплыг хэлэлцээд “Тухайн тогтоол иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх ашигт чиглэсэн. Нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа учир тухайлсан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй. Тухайн шалгуур үзүүлэлт батлагдсанаар нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд машин экспортлох эрхийг хязгаарлаагүй. Экспортолсон машинаа орон нутгийн иргэдэд худалдан борлуулах боломжтой. Шалгуур үзүүлэлт нь автомашин худалдан авсан иргэн, хуулийн этгээдийн дугаар авахтай нь холбоотой зохицуулалт болохоос бус автомашин нийлүүлэгчид хамааралтай зохицуулалт биш” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс уг хүмүүс давж заалдсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025.12.09-нд уг хэргийг хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан. Хэргийн оролцогч нарын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулаагүй. Хэргийн бодит байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Ингэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Үүнийг нийслэлийн ИТХ, нийслэлийн засаг дарга эсэргүүцэн УДШ-д хандсан аж. УДШ 2026.03.12-нд уг гомдлыг хянаад “Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх бүрэн боломжтой” гэж дүгнэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.


