УИХ-ын чуулганы нээлтийн дараа АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудал гаргасан шийдвэрээ сэтгүүлчдэд танилцууллаа. Тус бүлгийн 42 гишүүний 41 нь хуралдаа сууж, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахаар 100% санал нэгджээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй. Энэ бол УИХ-ыг гацаах үйл ажиллагаа биш. Дэд дарга нар хурлаа удирдах ёстой.
УИХ-ын бүрэн эрх бол ард түмний бүрэн эрх юм. Ард түмний бүрэн эрхэнд хэн халдах эрхтэй вэ?
“ХЗДХ-ийн сайд нь авлига авсан” гээд Ерөнхий сайд, намын дарга байсан хүн нь яриад сууж байна. МАН ийм систем угсарчхаад сууж байна.
УИХ-ын дарга нь УИХ-ыг бүрэн төлөөлж ярьж байна. УИХ ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. Яг өнөөдөр УИХ-ын дарга гэдэг бол хуралдааныг зохион байгуулагч болохоос УИХ-ын удирдагч биш. Тэр хүн МАН-ын даргын ажлаа нам дээрээ очиж хийх ёстой. Сая чуулганы нээлтэн дээр намын мөрийн хөтөлбөр шиг юм ярьж байна лээ. Намын их, бага хурал дээрээ хэлж байгаа даргын илтгэл шиг юм ярьж байна лээ. Энийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ хүн парламентын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд чиглүүлэх ёстой, хуулиар олгосон эрх, хэмжээтэй. УИХ-ын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Энэ бүхэн 1 намын дарангуйллыг бэхжүүлж байна. УИХ бол нэг намын хуулийн хэлтэс биш. УИХ-ыг 1 нам удирдахгүй байх ёстой.


