Монголын мянганы сорилтын сан өнөөдөр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан “Мянганы сорилтын II компакт гэрээ”-ний хүрээнд уг үлйдвэрийг барьсан юм. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021.03.31-2026.03.31-ний хооронд хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд учирч болох усны хомсдолоос сэргийллээ.

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр хоорондоо харилцан уялдаатай. Энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт” гэж онцоллоо. Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьсан байна. Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцад нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах тооцоо гаргажээ. Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлогтой. Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгоно.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагааг автоматчилсан байна. Энэ үйлдвэрийн үйл ажиллагааг 46 хүн хариуцаж ажиллана. Мөн ДЦС-уудад 10 орчим ажлын байр шинээр бий болно. Уг үйлдвэрийн ажлын хүрээнд 1000 голчтой шугам хоолойг авто зам хаахгүйгээр газар доогуур сүвлэн барьсан аж. Ийм туршлага манай улсад өмнө байгаагүй.

Дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэн хоолой тавьж, үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгчээ. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс гадна ус гүн цэвэршүүлэх болон дахин боловсруулах хоёр үйлдвэр байгууллаа.
Монгол Улсад MNS 6734:2025 стандарт буюу “ДАЦУ“ (Дахин ашиглах цэвэрлэсэн ус) гэдэг стандартыг эрх зүйн зохицуулалт, дүрэм журмын хүрээнд мөрддөг. Энэ стандартад дахин боловсруулсан усыг стандартад дахин боловсруулсан усыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулан 7-8 салбарт ашиглах боломжтой гэж заасан байдаг.

Эдгээрийн нэг нь эрчим хүчний салбар. Мөн машин угаалга, зам цэвэрлэгээ, уул уурхайн тоос дарах усалгаа, ногоон байгууламжийн усалгаа болон бетон зуурмагийн үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлд ашиглана гэж заажээ. Тус төслийн хүрээнд байгуулж буй дамжуулах шугам хоолойд дахин боломжийг бий болгох зорилгоор нэмэлт гурван салаалах худгийг төлөвлөж тоноглосон байна.


