УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 6 дугаар сарын 15, 16-нд Төрийн ордонд Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
-Эрэмбэлбэл 1-рт хийх ажил мөн үү? Бүгдээрээ адилхан нэг хэлбэртэй, нэг загварын материал байгаа. Би X хороололд амьдардаг. X хорооллын 2 талын замын хавтанг шаардлагагүй байхад сольсон. Бүтнээр нь нийтээр нь солих тийм их мөнгөтэй болчихсон юм уу, энэ улс чинь. Зүгээр байгаа юмаа дахин дахин хуулаад солиод байна.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Нийслэлийн төсөвт хийсэн аудитаар захиалагч хяналт тавин хэрэгжүүлж буй, газрын зөвшөөрөл олгоогүй, зураг төсөл батлагдаагүй 34 төсөл, арга хэмжээний бэлтгэл бүрэн хангагдаагүй ажилд 380 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний 321 тэрбум нь урьдчилгаа төлбөр байна. Бэлтгэл хангаагүй төсөлд 321 тэрбум нь урьдчилгаа төлбөр олгосныг шинжээч биш, нийслэлийн Аудитын газраас илрүүлсэн.
Явган хүний гарц, зам талбайн тохижилт гээд 40, 50-иад тэрбум төгрөгийн ажил байна. Зураг төсөлгүйгээр зам засаад байж болдог юм уу? Замын голд давхарлаж бродюр тавьж болдог юм уу?
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:
-Нийслэлийн өмчит 114 байгууллага байна. Үүн дээр үр ашиг, чиг үүргийн шинжилгээ хийгээд цөөлөх бодлого барина. Чиг үүрэг давхардсан байгууллагуудыг нэгтгэх бодлого барина. Хувийн хэвшлийнхний хийж чадах ажлыг бизнест нь чөлөөлж өгнө. Нийслэлийн өмчит байгууллагуудын ТУЗ-д хувийн хэвшлийн, хараат бус төлөөлөл оруулах бодлого барьж байгаа.


