Их Британийн Честер амьтны хүрээлэн 95 жилийн түүхэндээ анх удаа устах аюулд орсон Secretarybird шувууны таван дэгдээхэй амжилттай бойжсоныг наймдугаар сарын 5-нд мэдээллээ.
Дэгдээхэйнүүд Европын хамгааллын үржүүлгийн хөтөлбөрийн хүрээнд тус хүрээлэнд авчирсан Жон болон Жолин нэртэй хос шувуунаас төрсөн байна. Амьтан асрагчид тэдний үржлийн зан үйлийг хэдэн жилийн турш судалсны эцэст амжилтад хүрчээ. Эхний хоёр дэгдээхэйг гардан өсгөсөн бол үлдсэн гурвыг нь эцэг, эх нь өөрсдөө бойжуулсан байна.
Secretarybird /Нарийн бичгийн дарга/ нь бусад махчин шувуудаас ялгаатай нь олзоо агаараас дайрч барьдаггүй. Харин урт хөлөөрөө өвсөрхөг талд алхаж, хүчтэй өшиглөлтөөрөө хорт могой зэрэг олзоо устгадаг онцгой анчин юм.
Олон улсын Байгаль хамгаалах холбоо (IUCN) энэ зүйлийг устах аюулд орсон ангилалд бүртгэсэн бөгөөд Африкийн өвсөрхөг тал нутгийн амьдрах орчин хөдөө аж ахуй, суурьшлын бүсийн тэлэлтээс шалтгаалан хумигдаж байгаа нь гол аюул болж байна.
Честер амьтны хүрээлэн дэгдээхэйнүүдийн өсөлт, хөгжлийн талаарх мэдээллийг Европын үржүүлгийн хөтөлбөрт хамрагдсан бусад байгууллагуудтай хуваалцаж, уг ховор зүйлийг хамгаалах ажлыг дэмжихээ мэдэгдлээ.



