Батлан хамгаалахын сайд Д.Батлут Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай мэдээллээ. Улаанбаатар хотоос алс суманд багш, эмч, цахилгаанчин гэх мэт мэргэжлээр 3 жил ажилласан эрчүүдийг цэргийн алба дүйцүүлэн хаасанд тооцох гэж байгаа аж.
Баянхонгор аймаг дахь төрийн байгууллагуудад 117 ажилтны орон тоо сул байна. 20 суманд 6 төрлийн хичээл заах 26 багш, 8 төрлийн мэргэжлийн 67 эмч шаардлагатай. Энд ирж мэргэжлээрээ 3 жил ажиллавал цэргийн алба хаасан хэмээн цэргийн үнэмлэх олгоно. Энэ нь залууст маш чухал хөшүүрэг болох боломжтой.

Цэргийн алба дүйцүүлэн хаах хэлбэрийг орон нутгийн бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх нь боловсрол, эрүүл мэнд, бусад салбарт хүний нөөцийн дутагдлыг нөхөх нэг боломж болохыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут онцоллоо. Тэрээр “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулж яваа аж.


