horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

БНХАУ-ын Газрын тосны корпорац 9-р сард 10 мянган тн бензин нийлүүлнэ

post-img

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням урд хөршийг зорьсон. Тэр өчигдөр БНХАУ-ын Газрын тосны корпорацын ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал тавьж, хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Уулзалтаар Хятад улс манай улсад шатахуун урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтын байдал, шинэ хайгуул хийх, газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж, нүүрс-химийн үйлдвэр зэрэг чиглэлээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийхээр болсон байна.

9 дүгээр сард Монгол Улсад 10 мянган тонн бензин, онгоцны 4000 тонн түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцов. Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан, 9 дүгээр сард нэмж 5000 тонн АИ92 бензин, 20.000–30.000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10.000 тонн АИ92 бензин, 30.000–40.000 тонн дизель түлш нийлүүлэхийг БНХАУ-ын Газрын тосны корпорацаас хүсжээ. Тус корпорац уг хүсэлтийг шуурхай судалж, нааштай хариу өгөхөө илэрхийлсэн байна.

Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026-2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болов. Мөн жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийж, тодорхой замын зураглал боловсруулах юм.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын Газрын тосны корпорацыг хайгуулын шинэ талбайд хөрөнгө оруулахыг Г.Дамдинням сайд урьж, 1-2 талбайд хамтарч урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ эхлүүлэхээр тохиров.

2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлнэ. Энэ хүрээнд АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулна. Уулзалтын мөрөөр АҮЭБЯ, БНХАУ-ын Газрын тосны корпорац харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тогтлоо.

0/1000