Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уржигдар Ховдод, өчигдөр Баян-Өлгий аймагт очив. Хоёуланд нь Чингис хааны эш хөрөг залж очив. Ялгаа нь Ховдод хослолтой, Өлгийд монгол үндэсний иж бүрэн хувцастай. Амаараа хэлсэн сануулга, гадаад төрхөөрөө өгсөн анхааруулга төгс хослов. Тэр Өлгийд ирэх бүртээ сайхан үг хэлж, шагнал урамшуулал тараадаг. Тэр тоолонд нь казахын ард түмэн түүний толгой руу сөөм сөөмөөр авирдаг.
Казахууд суугуул нутагтаа ноён болж чадсан. Одоо хаан суухаар санаалж яваа. Уугуул нутагтаа монголчууд хатавчинд суудаг харц болсон. Одоо тэр байдлаасаа гарахаар чадан ядан тэмцэж байгаа. Энэ тухай Монголын ард түмэн ярих, хөндөх бүрт Цахиагийн Элбэгдорж, Ухнаагийн Хүрэлсүх гэдэг 2 хүнийг харьцуулдаг. Үүнийг харин тэд өөрсдөө мэддэггүй байх л даа. Мэддэг байсан бол У.Хүрэлсүх асуудлыг ийм болтол өгдөөж, хар хайрцагны бодлого гээч юмыг хаа хамаагүй хаяхгүй байсан биз.

Тэрийгөө тэр сая л нэг анзаарав. Монгол Улс монгол, казах гэдэг 2 үндэстнээс бүтдэг. “Ходоод хагаравч тогоон дотроо” гэгчээр монголчууд яаж ч муудлаа ч эргээд эвлэдэг. Учраа олдог. Зүйдээ ордог. Харин монгол, казах 2 муудвал учраа эвлэхэд хэцүү. Учраа олоход бэрх. Энэ удаад ийм юм болох шахаж байна. Байдал нэг л буруу тийшээ эргэвэл самуун гарч мэдэхээр.
Уг нь Монгол анх удаа харь үндэстнийг улсдаа нэгтгэсэн нь энэ биш. Тэр бүрт тэдгээр үндэстнийг монгол хүн болгож, Монгол Улсдаа нэгтгэж авдаг байсныг түүх тод харуулдаг. Түүнийг Чингис хаан “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одох” хэмээн товч, тодорхой хэлчихсэн.

Харин 100 жилийн өмнөөс Монгол Улсад нэгдэхээр өөрсдөө гуйж ирсэн казахуудын сэтгэлийг нь хэн ч хураасангүй. Хураах бодлого ч явуулсангүй. ЗХУ зориуд зааглаж, казахуудын сэтгэлийг монголчуудаас салангид байлгадаг байж. Түүнээс хойш, 1990 оноос хойших 36 жилд Монгол Улс дангаар бодлогоо тодорхойлж, толгойгоо өөрсдөө мэддэг болсон ч 1 улс доторх 2 үндэстнийхээ сэтгэлийг нэгтгэхэд анхаарсангүй. Түүнээс нь үүдээд салан тусгаарлах санаатан хүртэл бий болж, Монгол Улсаас урвасан хэрэг ч гарсан.
“Газар бол төрийн үндэс. Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн Модон чинугийн зарлигийг монголчууд мартаж, казахууд санаж ирлээ. Төрөөс өмчлүүлдэг газрыг тэд л түрүүлж авав. Айл бүр булш байдлаар алга дарам газар авав. Дарга бүр газар, усны нэрийг казахаар нэрлэж, монголчуудыг хүртэл нутаг усныхаа монгол нэрийг умартахад хүргэв. Энэ бүхнийг эртнээс цэгцлээгүйн бурууг Ерөнхийлөгч үүрнэ. Ард түмний дундах, үндэсний хоорондох хэрүүл явсаар Төрийн ордонд орж, түшээдийг хагаралдуулсны гэм Ерөнхийлөгчид оногдоно.

Учир нь тэр Монгол Улсын Ерөнхийлөгч. Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл. Монгол, казах үндэстэн эв нэгдэлгүй байгаа нь Ерөнхийлөгч үүргээ биелүүлээгүйг харуулна. Энэ утгаар нь түүнийг ард түмэн ямагт Ц.Элбэгдоржтой жишдэг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ч монгол, казах үндэстэн хоорондоо түнжин хагарч байсан. Гэхдээ арай ч ингэтлээ Монголоор нэг газар авч, УИХ-ын чуулганы танхимд орж байсангүй. Тэр явдалд Ц.Элбэгдорж хариуг нь өгсөн. Энэ талаараа тэр Монгол Улсдаа, ард түмэндээ сайнаар дурсагддаг.
Энэ удаад У.Хүрэлсүх монгол үндэсний иж бүрэн хувцсаа өмсөж, дэргэдээ генералаа дагуулаад, Баян-Өлгийд очлоо. Улс дотор улс байгуулж яваа энэ хүмүүст У.Хүрэлсүхийн үг, үйлдэл хэр нөлөөлөх бол? Баян-Өлгийд очих гэж арай дэндүү удсан түүний нөлөө тэнд ямрыг монголчууд анхааралтай ажиглах нь дамжиггүй. Хэлсэн үг нь хаданд ойгоод замхрахгүй л байгаасай. Үзүүлсэн сүр нь үүлэнд хучигдаад сарнихгүй л байгаасай.


