Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хурлаар өчигдөр /2026.09.15/ нийт 8 асуудал хэлэлцжээ. “Солонго 1″, “Солонго 2” орон сууцны төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд иргэдийг цахим системээр сонгон шалгаруулаар болсон байна. Энэ чиглэлээр тогтоолын төсөл боловсруулан, 9-р сарын 23-ны ЗГ-ын хуралдаанд оруулж, тогтоол гаргуулан, хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Цаашид “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хороололд иргэдийг орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулна. Улсын комисс хүлээн авсан томоохон орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар уг хурлаар шийдвэрлэжээ.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус яам УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа аж. “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Төв аймгийн 3 суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулжээ.


