Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хурц үнэр тархаж, хүмүүсийн эрүүл мэнд, тайван амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаарх гомдол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс иржээ. Үүний мөрөөр БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүмбэр суманд газар дээр нь ажиллаж байна. Тэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн агаарын чанар хянах хөдөлгөөнт лабораториор хэмжилт, шинжилгээ хийжээ.

Мөн тус сумын ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд байгаль орчны хууль тогтоомж, стандартыг хэр мөрдөж буйг давхар шалгаж байна.
Хэмжилт, шинжилгээний дүн гарсны дараа хурц үнэрийн эх үүсвэр, шалтгааныг олон нийтэд мэдээлэх аж.


