2026 оны намрын ургац хураалтад зэвсэгт хүчний цэргүүд оролцож байна. Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон цэргүүд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ургац хураалтад оролцож байна.
Энэ жил улаанбуудайн болц жигд байгаа ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ. Мэргэжлийн байгууллагын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Иймд цэргийн алба хаагчид байгаль цаг уурын эрсдэлээс урьтан ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахад тусалж байна.


