horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төлбөрийг багасгах ажлын хэсэг байгуулжээ

post-img

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 473 км автозамыг “Тахилт хайрхан транс” гэх монгол эзэнтэй, хятад гүйцэтгэх захиралтай компани концессын гэрээгээр тавьсан юм. Замыг 2020 оны 4 сараас тавьж эхлээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025.05.09-нд нээжээ.

Концессын гэрээний дагуу “Тахилт хайрхан транс” ХХК уг замыг ашиглалтад оруулсны дараа 27 жил эзэмшиж, ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, засаж арчилна. Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 11 багийн нутгаар дайран өнгөрдөг энэ зам ихээхэн эвдэрчээ. Тус замаар өдөрт 200-400 машин 30-40 мянган тонн нүүрс тээвэрлэж, Гашуунсухайт, Ханги боомтод хүргэдэг.

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Ялагдашгүй, Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Сайханчимэг, Гашуунсухайт, Ханги чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын төлөөлөл 2026.09.05-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж, Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн замын хураамжийг багасгах, эвдэрсэн хэсгийг нөхөх, стандарт бус тойргийг янзлах зэрэг асуудлыг хөнджээ.

Тээвэрчид Цогтцэцийгээс Хангид нүүрс буулгаад, буцаж ирэхэд 900 км зам туулдаг. Ингэхдээ дунджаар 1.2 сая төгрөг замын хураамжид төлдөг гэнэ. “Энэ замаар өдөрт дунджаар 500 машин зорчдог гэж тооцвол замын төлбөрөөс өдөрт ойролцоогоор 600 сая, сард 18 тэрбум төгрөг “Тахилт хайрхан транс” ХХК-д төвлөрч байна. Энэ нь хэт өндөр. Бас замын чанартай харьцуулахад хангалтгүй” гэж тээвэрчид үзэж буй ажээ. Энэ замын гэмтэл, цөмрөлт, торон хагарал ихсэж, машин гэмтэх, эвдрэхэд хүргэж байгаа гэнэ. Үүнээс болоод жолооч нарын аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг тэд Зам тээврийн сайдад учирласан байна.

ЗТЯ үүний дагуу энэ замыг засуулахаар “Тахилт хайрхан транс” компанид хугацаатай үүрэг өгчээ. Тус компани уг замыг 2026.09.30-ны дотор засахаа тус яаманд илэрхийлсэн байна. Гэвч энэ хугацаанд засаагүй. Тиймээс ЗТЯ-ны улсын ахлах байцаагч 2026.10.19-нд 04-00-02/007/08 тоот акт тавьжээ. Үүний дагуу “Тахилт хайрхан транс” компани уг замаа 2026.10.27-ны 19:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаалаа.

ЗТЯ, ЭЗХЯ хамтран Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хэлэлцээ хийх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэг 2026.10.28-нд ЭЗХЯ, ЗТЯ, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийн төлөөллийг оролцуулан хуралдлаа.

Ажлын хэсэг талуудын санал, байр суурийг хэлэлцэж, эрх зүй, эдийн засаг, гэрээний хүрээнд боломжит шийдлийг тодорхойлон, холбогдох санал, дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах юм байна.

0/1000