Эрдэмтэн, судлаачдын баг Нөмрөгийн ДЦГ-ын хүрэхэд хүндрэлтэй бүс болох Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулж дууслаа. Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтооно.

Энд манж хус гэх ховор мод ургадаг. Хусан ойд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан болов уу гэж судлаачид ажиглажээ. Гэсэн ч түймрийн бодит нөлөөг зөвхөн газрын гадаргын харагдах байдлаар дүгнэх боломжгүй.

Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт болон экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал болон хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жилийн ажлын туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байгаа тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.



