horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг оролцсон гэж УДШ үзлээ

post-img

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өчигдөр Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох 16 хавтаст хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцэв. Шийдвэрээ өнөөдөр (2026.10.30) 12:00 цагаас танилцуулав.

16 болон 32 настай эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг тус шүүх С.Соёмбо-Эрдэнэ, Б.Батцэрэн,Т.Өсөхбаяр, Ч.Хосбаяр, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.6, 2.7, 2.11, 12.5 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2-т заасаар прокурор яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Энэ хэрэгт холбогдсон Х.Энхсайхан 16 настай. Тиймээс уг хурлыг хаалттай хэлэлцлээ. Х.Энхсайхан нь Ц.Дагвадоржид насанд хүрээгүй М-ийг холбон, зуучилж улмаар хүчиндэж, бэлгийн харилцаанд орох нөхцөл бүрдүүлсэн хэрэгт буруутгагдсан. Харин Ц.Дагвадоржийг 16 настай Ч.Шинэсаран охиныг хөнөөхөд нь Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хамжсан хэмээн шүүгдэгч, хохирогч статусаар анх шүүх хуралд оролцуулсан. 

Эдгээр 4 шүүгдэгчид холбогдох хэргийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.01.23-ны хэлэцэж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Ц.Дагвадоржийг доорх хэргүүдэд гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон юм. Үүнд:

  • Онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж 2 хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Бусдыг тодорхой үйлдэл хийхээр шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэм хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн.

Үүнийг хохирогч эсэргүүцэн давж заалдсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.11-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

Харин УДШ эдгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. “Ц.Дагвадоржид 2 шатны шүүхээс оноосон шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Э.Ган-Эрдэнийг цагаатгасан нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон байна. Хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна” гэж УДШ үзэв. Үүгээр энэ хэрэгт Э.Ган-Эрдэнэ ганцаараа хамааралгүй болж байна.

Ц.Дагвадоржид 2 шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг УДШ хэвээр нь үлдээлээ.

Э.Номин-Эрдэнийг хүн алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж прокурор ялласан ч шүүх хэрэгсэхгүй болгосон. Үүнийг УДШ “Хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2-т заасан хүний амь нас хохирч байхад тусламж үзүүлээгүй эс үйлдэхүйг шүүх тооцоогүй байна. Энэ нь гэмт хэргийн шинж агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. УДШ энэ талаар нөхөн дүгнэх боломжгүй” гэж үзэн, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцов.

Э.Номин-Эрдэнийг хүн алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэж УДШ үзсэн гэсэн үг. Одоо анхан шатны шүүх түүний хэргийг дахин хэлэлцэх юм.

Х.Энхсайханыг прокурор гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзсэн байхад, шүүх анхаарч үзэлгүй, түүнийг цагаатгасан. Прокурорын уг дүгнэлтийг УДШ хүлээж авлаа. 2 шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн. “16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт Х.Энхсайханыг хамжигчаар оролцсон” гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн” гэж УДШ дүгнэж, 2 шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Х.Энхсайханд холбогдох хэсгийг хүчингүй болголоо. Тиймээс Х.Энхсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Хохирогч Сийлэгмаагийн сэтгэцэд учирсан хохирлыг өмнөх 2 шатны шүүх хүн амын дундаж насанд үндэслэж тооцжээ. Иргэний хуульд зааснаар үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж гаргах учиртай. Гэтэл шүүх үүнд 900 мянган төгрөг дутуу гаргуулсан аж. Үүнийг хэрэгтнүүдээс гаргуулахаар УДШ шийдвэрлэв.

Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг УДШ хэрэгсэхгүй болгосон тул тэдний хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэрлэтэл хувийн баталгаа гаргах арга хэмжээ авлаа.

0/1000