Оройн 22:00 цаг. Нийслэлийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг дээрээс манай сурвалжлах баг энэ сурвалжилгыг бэлтгэв. Эмнэлгийн хаалгаар ороход л Хүлээн авах хэсэгт 30 гаруй хүн гадуур хувцастайгаа хэн нэгнийг хүлээж байв. Баруун тийшээ эргээд алхвал Бүртгэлийн хэсэгт хүүхдээ тэвэрсэн хүмүүс бүртгүүлэх гээд дугаарлан зогсжээ. Тэдний дийлэнх нь ээжүүд байв. Эмнэлэг ямар их ачаалалтай байгааг эндээс харж болно. Хаалган дээрээ багтахгүй шахцалдсан ээжүүд хүүхдүүдээ тэврээд зогсох бол халуурч, өвдсөн хүүхдүүд өвчнөө тэсэлгүй уйлалдана. Нэг хүүхэд эмчид үзүүлэх гэж 1-2 цаг хүлээж байгаа нь эмзэглэмээр. Олон өвчтэй хүн цугласан эмнэлэг дотор хүүхэд нэмээд халдвар авах эрсдэлтэй байна.
Хүүхдээ тэвэрсэн залуу ээж “Миний хүүхэд 3 настай. Өндөр халуурч, эмнэлэгт ирсэн. Халуун нь огт буурахгүй байна. 20 цагт ирсэн ч 22 цагийн байдлаар эмчдээ үзүүлж чадаагүй, хүлээж байна. Эмнэлгийн ачаалал үнэхээр аймаар байна” гэсэн бол нэгэн аав “Хүүхдээ үзүүлчхээд явах гэж байна. Хэвтье гэхээр “Эмнэлгийн ор дүүрсэн” гэж эмч хэллээ. Ор сулартал гэрээрээ эмчилгээ хийхээс. Ер нь гадуур ханиад, томуу маш их байна. Хамгийн гол нь утаа аймаар байна” хэмээн ярив.
Ер нь гадуур ханиад, томуу их тархсаныг энэ эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр дугаарлах иргэдээс харж болно. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай, гэр хороолол хамгийн ихтэй, хамгийн их утаа угаартай дүүрэг. Энэ утгаараа утаанаас үүдэлтэй өвчин их байгааг ч хүмүүс онцолж байв.
Өвчилсөн хүн олон байгаа учраас эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа аж. Тус эмнэлэгт хэвийн үед 4 эмч жижүүрлэж хонодог. Томуу, томуу төст өвчин дэгдсэнтэй холбоотойгоор 6 эмч хонож байгаа ч хүн бүрийг хурдан үзэж чадахгүй байв. Ажлын өдөр 100-200 хүн амбулаториор үйлчлүүлдэг бол амралтын өдөр 300 болж нэмэгддэг байна.
Хүүхдийн эмч М.Мөнгөншагай “Манай эмнэлэг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийнхтай нийлээд, нийт 140 ортой. Өнөөдрийн байдлаар 347 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмж 200 гаруй ор дэлгэсэн ч ачааллаа дийлэхгүй байна. Өрөө, ор хүрэлцээгүй байгаа. Аргагүйн эрхэнд коридорт ор дэлгэсэн. Коридорт хонож байгаа хүүхэд олон бий” хэмээн учирлав.
Жижүүр эмч “Ихэвчлэн амралтын өдөр ачаалал нэмэгддэг. Өдрийн цагаар ачаалалгүй, заримдаа хоосон шахуу байдаг. 20 цагаас хойш өвчтөнүүд бужигнадаг. Тиймээс өдрийн цагаар ирвэл аль аль талдаа хүндрэл учрахгүй” гэв.
Гэхдээ иргэдийн ажил 17-18 цагийн хооронд тарж байгаа болохоор иргэд аргагүйн эрхэнд оройн цагаар хүүхдээ тэврээд эмнэлэг барааддаг нь ойлгомжтой. Зарим хүн түгжрэлээс төвөгшөөн орой эмнэлэгт очдог. Энэ нь эцэг эхийн буруу гэхээс илүү нийгэм өөрөө ийм сонголтыг иргэдэд тулгаж байна.
Тэгвэл тус эмнэлгийн эмч утаа өтгөрч, агаар улам бохирдон, өвчин ихсэж байгаа энэ үед эцэг эхийн аль нэгийг хүүхдээ асрах боломжоор хангах шаардлагатайг ярилаа. Учир нь хүүхэд өвдсөн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй аав ээжийнхээ асаргаанд байвал илүү хурдан эдгэдэг юм байна. Нэг ёсондоо гэрийн асаргаа муугаас хүүхдүүд өвчлөх, өвчин нь хүндрэх асуудал тулгардаг байна.
Бид эмнэлгийн Хүлээн авах, Үзлэгийн хэсгээс Хэвтэн эмчлүүлэгсдийн тасаг руу орлоо. Энэ эмнэлэг 5 тасагтай. Эхний тасагт ороход л коридороор дүүрэн хүмүүс бужигнаж байлаа. Хүүхдээ асарч буй ээж “Эмнэлгийн нөхцөл байдал их хүнд байсан. Энд ирсэн эхний өдрөө коридорт хоносон. Хүлээн авах дээр хүүхдүүд тасралтгүй ирж байсан. Эмч, сувилагч нар чадлаараа л хичээж байна. Гэхдээ хүүхдийн дунд халдвар хурдан тархаж, ханиад улам газар авч байна. Одоо коридор жаахан суларч байгаа ч буцаад л дүүрч байна. Өвчтэй хүүхдүүд үнэхээр хэцүү байна” гэж ярилаа.
Хүүхдээ асарч буй аав “Өдөр ирэхэд коридорын тал нь хүнтэй байсан. Одоо дүүрчихлээ. Байнга ийм байдаг юм шиг байна. Коридорт байх үнэхээр хэцүү байна. Эм, аяга хийх шүүгээ, сандал байхгүй. Байнга гэрэлтэй. Эргэлтийн цонхон дээр хүмүүс ирээд ярихад яриа нь сонсогдоод хэцүү. Гэх зэргээр асуудал их бий” гэлээ.
Өөр нэгэн ээж “Хамгийн гол нь коридорт байх хэцүү байна. Дутуу төрсөн нярайтай учраас жаахан салхи сэвэлзвэл ханиад нь хүндэрчих вий гэдгээс эмээж байна. Манай хүүхэд 3 сартай. Ах, эгч хоёр нь сургуульд явдаг. Сургуулийн сурагчдын дунд ханиад их байна. Хүүхдүүд сургуулиасаа ханиад хүрч ирж байна. Ах, эгч хоёрт нь эм, тариа хэрэглэсэн ч ханиад нь намдахгүй байна. Тэгээд дүү нь жаахан болохоор яах аргагүй ханиад халдаад, эмнэлэгт хэвтчихлээ” гэж тайлбарлав.
Өрөөний хэмжээнээс хамаарч нэг өрөөнд ойролцоогоор 6 ор дэлгэжээ. Ингээд тооцохоор 6 хүүхэд, 5 том хүн, нийт 11 хүн нэг өрөөнд байна. Ийм олон хүн нэг дор байх нь агааргүйтэхээс эхлээд буцаад хүүхэд халдвар авах эрсдэл дагуулж байна. Зарим хүүхэд эмчилгээ хийлгэсэн ч эмнэлгээс өөр вирусийн халдвар авч, өвчин нь хүндэрч байна.