horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

С.Дэмбэрэл: Эрдэмтэн хүн сайхан амьдрах ёстой. Үүний төлөө ажиллана

post-img

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-ШУА-ийн ерөнхийлөгч гэдэг ер нь ямар албан тушаал юм бэ? Ерөнхийлөгч гээд сүртэй, сайхан нэрлэжээ.

-ШУА-ийн ерөнхийлөгчийн албан тушаал нэг талаасаа нэр хүндтэй, нөгөө талаасаа нэн хариуцлагатай албан тушаал. ШУА-ийн ерөнхийлөгчийг их чуулганаас сонгодог, сонгогддог албан тушаал. ШУА-ийн их чуулганаас ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг. Гадаадын улс орнуудын жишгийг даган, ШУА-ийнхаа тэргүүний албан тушаалыг ерөнхийлөгч гэж нэрлэдэг.

-ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрийг Ерөнхий сайд батламжлахгүй бол яадаг юм бол?

-“Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Хэрэв батламжлаагүй бол дахин сонгууль явуулна” гэсэн хуулийн заалттай. Манай үе үеийн Ерөнхий сайдууд батламжилсаар ирсэн. ШУА-ийн их чуулганы сонголтыг улстөржилгүйгээр хүндэтгэж ирсний илрэл юм даа.

-Та яах гэж ШУА-ийн ерөнхийлөгч болсон юм бэ?

-Энэ оны 10-р сарын 17-нд ШУА-ийн их чуулган хуралдаж, ерөнхийлөгчөө сонгосон. ШУА-ийн жинхэнэ гишүүн академичдын 61.1 хувийн саналыг авч, миний бие ШУА-ийн 8 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. 10-р сарын 24-нд Ерөнхий сайд намайг батламжилсан. Энэ боломжийг ашиглаад, надад итгэл хүлээлгэн, ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгосон эрхэм хүндэт академичдадаа дахин талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг дааж, мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо ашиглан, хичээнгүйлэн ажиллах болно.

Мөрийн хөтөлбөрийн маань гол утга санаа нь “Сайхан үйлсийг үргэлжлүүлэн бадраая. Саатан хоцорсныг нь сэргээн хөгжүүлье”.

МАНАЙ ЭРДЭМТДЭД ХУРД ДУТДАГ НЬ ҮНЭН

-Шинжлэх ухааны салбарынхан улстөржихийг хараагүй л дээ. Гэхдээ ШУА төрийн байгууллага учраас улс төр нөлөөлдөг л байх даа?

-Өнөөдөр улс төрөөс харьцангуй бага хамааралтай үлдсэн байгууллага бол ШУА. Аливаа нэгэн байгууллага улс төрөөс ангид байхын нэг давуу тал нь тогтвортой байдал. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд дутагдаж байсан зүйлийн нэг нь тогтвортой байдал. Улс төрийн тогтворгүй байдал Монголын нийгмийн бүхий л тогтолцоонд мөн л тогтворгүй байдлыг бий болгосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд нарын ажилласан дундаж хугацаа нь ойролцоогоор 1.6 жил байлаа. Засаг солигдоход дагаад дараагийн шатны дарга нар солигдоно. Үйл ажиллагааны залгамж чанар тодорхой хэмжээгээр алдагддаг байлаа. Санаачилсан ажлыг дуустал нь хийхэд удирдлагын тогтвортой байдал чухал гэдгийг өнөөдөр дээр дооргүй л ойлгож байна. ШУА харьцангуй тогтвортой ажиллаж, эдийн засгийн бэрхшээлтэй он жилүүдийг даван туулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийг шинжлэх ухаанжуулахын ач холбогдлыг онцолж, харин шинжлэх ухааныг улстөржүүлэхгүй байхын чухлыг анхааруулсан. Олон улсын жишгээс харахад, улс орны шинжлэх ухаан нь улс төрөөс ангид байж, харин улстөрчид, төр, нийгэм, бизнесийн төлөөлөл нь шинжлэх ухааны ололт амжилтыг үйл ажиллагаандаа байнга ашигладаг нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал нөхцөлүүдийн нэг болж байна.

-Эрдэмтэн судлаачид ШУА-ийн их чуулганаар бүтээлээ хэлэлцүүлж, шинэ нээлтээ зөвшөөрүүлж, их чуулганы гишүүдийн 75%-ийн санал авч байж, академич болдог. Өндөр шалгуур. Хамгийн сүүлд л гэхэд 5 эрдэмтэн академич болсон. Ингээд харвал манай эрдэмтэд нээлт хийгээд байх шиг. Гэтэл тийм нээлт хийлээ, ийм амжилт гаргалаа гэж барагтай дуулдахгүй юм. Энэ ямар учиртай юм бол?

-Эрдэмтэн судлаачдын хувьд академич хэргэм хүртэх нь үнэхээрийн нэр хүндийн хэрэг. Өнгөрсөн он жилүүдэд манай академичид, эрдэмтэн судлаачид эрдэм судлалын олон сайхан үр дүн гаргасан. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж, Нобелийн шагнал бие даан хүртсэн монгол эрдэмтэн байхгүй л дээ. Гэхдээ ирээдүйд ийм монгол эрдэмтэн төрнө гэдэгт би итгэдэг. Өнөөдөр бид ийм эрдэмтэн төрөх үндсэний шинжлэх ухааны үндэс суурийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Манай ард иргэд эрдэмтэн судлаачдаас технологийн том нээлт, инновацын шийдэл хүсэн хүлээдэг. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад, улс дамнасан том компани, корпорациуд шинэ технологийн судалгаандаа асар их мөнгө зарцуулж, өөр хоорондоо өрсөлдөж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд БНХАУ шинжлэх ухаан технологийн салбартаа үлэмж хэмжээний хөрөнгө зарж, тэгснээрээ ч технологийн шийдлүүд нь Дэлхийд тэргүүлж байна. Манай судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийн өнөөгийн техникийн хүчин чадал, зарцуулж буй санхүүжилтийг өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулалтгүй. Гэхдээ Монголын эрдэмтэн судлаачид эрдмийн олон сайхан бүтээлтэй.

-Тухайлбал?

-Олон ажил дурьдаж болно. Түүх, археологийн судлаачдын судалгааны үр дүн, биет олдворууд, түүний тайлал гэхэд Чингис хаан музейн үзвэрийн үндсэн хэсгийг бүрдүүлж байна.

Техник, технолийн чиглэлээр гэвэл Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэмтэд коронавирус (SARS-CoV-2)-ийн халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвалын оношлуур бүтээсэн. Коронавирусийн гадаргуугийн нуклеокапсид (N) уурагт суурилсан энэ оношлуур  вирусийн эсрэгбие үүссэн эсэхийг тодорхойлох, дархлаа тогтцыг хянах зорилготой. Тухайн хүн ковидоор өвдөөд эдгэсэн эсэх, эсвэл вакцинжуулалтын дараа дархлаа тогтсон эсэхийг тодорхойлох боломжтой гэсэн үг.

-Энэ оношлуурыг санаж байна.

-Манай арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлын нэг бол арьс, ширний зөөлөн чанарыг хадгалан үсгүйжүүлэх, хаягдал багатай боловсруулах технологи юм. Манай эрдэмтэд төрөл бүрийн эх үүсвэрээс ферментийн өндөр идэвхтэй бактери ялган авч, лабораторийн нөхцөлд хонины нэхийний үсийг 48-72 цагт бүрэн үсгүйжүүлэн боловсруулах технологи туршиж эхлээд байна. Идэвхтэй өсгөвөр ашиглан, арьс шир боловсруулахдаа технологийн зөв горимыг биологийн аргатай хослуулан хийж буй нь шинэ ноу хау болно.

Манай судлаачид сүүлийн 30 жилийн судалгааныхаа үр дүнг нэгтгэн, олон төрлийн бичил биетний шилмэл омог агуулсан “Био-Ариус” бүтээгдэхүүн гаргаж авсан. Үүнийг Эрдэнэт хотын гэр хорооллын нүхэн жорлонд туршиж, гүний ус, орчны бохирдлыг эрс бууруулж чадлаа. Гэх мэтчилэн манай эрдэмтэд үр бүтээл ихтэй.

-Ойролцоо түвшний улсуудтай харьцуулахад Монгол?  

-Монгол хүн сансарт нисэж, өөрсдийн бүтээсэн багажаар огторгуйн уудамд судалгаа хийсэн Дэлхийн 10 дахь орон. 1990 оны үед ШУА-ийн судалгаа, үйлдвэрлэлийн “Монел” компани компьютер, зурагт үйлдвэрлэж, ЗХУ руу экспортолж байлаа. “Монел” тэр үед Солонгосын “Самсунг” компанитай хэлэлцээ хийж байсан гээд бод доо.

-Тэгээд манай “Монел” компьютер хаана байна?

“Монел” байгаа. Өнөөдөр “Номин электроникс” компани “Монел” брэндээр ард олныхоо хэрэгцээг хангаж байгаа. “Монел”-ын хувьд боломжоо алдсан. Тухайн үед Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх, өнөөдрийн “Самсунг”, LG  шиг өсөн дэвжих боломж байсан. Улс орны нийгэм, эдийн засаг, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үеийн ололт амжилт, боломжийг ашиглаж чадаагүй.

-Алдагдсан боломжийг биш, сургамжийг нь ярья. Боломжийг алдахгүйн тулд яах ёстой вэ?

-Бидэнд нөөц бололцоо бий. Монгол судлаачдын оюун ухаан, мэдлэг чадварыг бүрэн дүүрэн ашиглаж, улс төрийн зөв зоригтой шийдэл гарган урагшлах хэрэгтэй байна. Монголын судлаач, инженерүүдийн боломж потенциалыг ашиглан, Дэлхийн зах зээл дээр гарч өрсөлдөх алтан боломж бий болгохын тулд судалгаа хөгжүүлэлтийн ажилд хөрөнгө оруулах л хэрэгтэй.

Манай хувийн хэвшлийнхэн Дэлхийн технологийн ололтыг эх орондоо оруулж ирдэг. Энэ бол бизнест байдаг л асуудал. Гэхдээ Монголын судлаачдынхаа хийж бүтээж байгаа технологи, судалгааны үр дүнг дэмжих, хөрөнгө оруулах, хамтран ажиллах хэрэгтэй байна.

ШУА-ийн бага чуулганаар дамжуулан, төрийн байгууллагуудын шийдвэр гаргагч нар болон хувийн хэвшлийнхэн манай эрдэмтдийн потенциал боломжийг мэдэх боломжтой. Ингэснээр төрд хэрэгтэй, бизнест нь шаардлагатай ямар судалгааг судлаачдаар хийлгэж болохыг мэднэ. Нөгөө талаас төр, бизнесийнхэн юу хүлээж байгааг судлаачид мэдэх боломжтой.

-Манай улс 2022 онд шинжлэх ухааны салбарт 48 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 38 тэрбумыг нь урсгал зардалд зарцуулаад, 9.6 тэрбумаар нь л судалгаа, шинжилгээ хийсэн байна лээ. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулах мөнгө улам багасаад байна даа.  

-Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай салбарын санхүүжилт хангалттай сайн байсангүй. Эх орны эдийн засгийн нөөц бололцоо, хүчин чадлаас хамаардаг олон хүчин зүйлс байгаа байх. 2022 оны байдлаар шинжлэх ухаан, технологийн салбарт улсаас зарцуулсан хөрөнгө мөнгө нь ДНБ-д эзлэх хувь хэмжээгээрээ Дэлхийн дунджаас 20-22 дахин бага, эрдэм шинжилгээний ажилтны цалин улсын дунджаас 1.75 дахин доогуур байгаа. Энэ нь өндөр мэдлэг боловсролтой судлаачид, мэргэшсэн хүний нөөц гадагшаа урсах үндсэн шалтгаан болоод зогссонгүй, салбарын нийт бүтээмжид сөрөг нөлөө үзүүлсэн.

Монгол Улс 1990 онд судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд ҮНБ-ий 1%-ийг зарцуулж байсан бол 2024 онд 0.12-0.14% болж буурсан. Гэтэл өнөөдөр Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ДНБ-ийхээ 3-аас дээш хувийг, бусад улс дунджаар 1.81%-ийг шинжлэх ухаан, технологийн салбартаа зарцуулж байна. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд эрдэм шинжилгээний зардалд нийт 9-12 орчим тэрбум төгрөг буюу судалгааны 1 төсөлд зарцуулах зардлын хэмжээ 40-90 орчим сая төгрөг байгаа. Энэ нь хангалттай биш, ажлын чанар, үр дүнд нөлөөлж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн, хөгжлийн урт болон дунд хугацаанд оновчтой төлөвлөж, салбарын санхүүжилтийн хэмжээг наад зах нь Азийн дундаж хэмжээнд хүргэх асуудлыг ойрын үед шийдвэрлэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд 2025 онд салбарын зардлыг ДНБ-ий 0.5%-д хүргэх шаардлагатай байна.

-Монголын судлаачдыг нас, хүйс, салбар, эрдмийн зэргээр нь ангилбал ямар үзүүлэлт гарах бол?

-Шинжлэх ухааны салбарт одоогийн байдлаар ШУА-ийн харьяа 16, их сургуулиудын харьяа 11, яам, агентлагийн харьяа 14, хувийн хэвшлийн 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв бий. Мөн эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 25 байгууллага байна. Энэ салбарт нийт 5085 хүн ажиллаж байна. Үүний 2200-аад нь төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд ажиллаж байгаа. Тэдний 1600 гаруй нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан. Шинжлэх ухааны доктор (Sc.D) 130, боловсролын доктор (Ph.D) 400 гаруй байна.

ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний 16 хүрээлэнд 2023 оны байдлаар нийт 1111 хүн ажиллаж байгаагаас 907 нь эрдэм шинжилгээний ажилтан. Үүн дотор академич 33, доктор (Sc.D) 27, доктор (Ph.D) 240 байгаа. 35 хүртэлх насны залуучууд нийт эрдэм шинжилгээний ажилтны 37.4%, 35-50 насныхан 44.1%-ийг эзэлж, дундаж нас 41 байна. Одоо ажиллаж байгаа албан хаагчдын 51.4% нь эмэгтэй.

-Манайханд хурд дутаад байгаа юм биш үү? Шинэ юм хийлээ ч удаанаасаа болоод алддаг тал байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Бид өндөр хөгжилтэй улсуудаас хөгжлөөрөө хол хоцорчихгүйн тулд илүү чадамгай, илүү хурдтай, үр дүн сайтай ажиллах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд араас нь хөөж гүйцэх шаардлагатай ч зарим тохиолдолд зэрэгцэн ажиллах, бүүр тосож ажиллах боломжийг ч ашиглах хэрэгтэй. Олон улсад сэргээгдэх эрчим хүч, Нарны панелийн технологийг судалж, хөгжүүлж эхэлж байхад манай Физик, технологийн хүрээлэн Нарны панель хийчихсэн байлаа. Гэвч бизнес болгож чадаагүй юм.

Өнөөдөр БНХАУ-ын судлаачид, компаниудын ололт амжилтыг бид бүгдээрээ харж, биширч байгаа шүү дээ. Бид судалгааны үр дүн, технологийн бүтээлүүдээ олон улсын зах зээлд хурдан гаргаж, бусадтай өрсөлдөж чадахгүй байна. Гэтэл өндөр технологи, их өгөгдөл, хиймэл оюун, машин сургалт гээд шинжлэх ухаан, технологийн суурь асуудлууд маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Бид Нарны панел, “Монел”-оо ингэж “хурдтайгаар”, “ухаалгаар” үйлдвэрлэж, зах зээлийг мэдэрч, процессыг зөв удирдаж чадсан бол өнөөдөр улсынхаа эдийн засгийг солонгоруулчихсан, Монголын компани Дэлхийд том болчихсон байх байлаа. Алдагдсан боломж гэдэг чинь энэ. Үүнээс бид сургамж авч, алдаагаа давтахгүй байх ёстой. Засах ёстой. Бид илүү ихийг мөрөөдөж, сэтгэж, хурдтай, бүтээмжтэй ажиллах хэрэгтэй.

Мэдээж хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг чухал. Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллагуудын академик эрх чөлөө, санхүүгийн механизмыг илүү хялбар болгож, зах зээлийн нөхцөлд нийцүүлэн, эрх чөлөөг нь өгвөл бидэнд бас том боломж бий.

Тэртээх 1956 оны “Бидэнд юу саад болов” гэдэг кино бий. Өнөөдөр ч гэсэн тэр кино дээр гардаг хүнд суртлын асуудал байсаар л байна. Ер нь “Асуудлыг хариуцаж шийдвэр гарга” гээд албан тушаалд сонгогдсон, томилогдсон л юм бол ажлыг шуурхай хийх л ёстой. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй л дээ. Гэхдээ том зургаар харах юм бол юу ч хийдэггүй хүн улс орны өмнө илүү их алдаа хийж байгаа хэрэг.

-Энэ саадыг арилгахгүй бол саад өөрөө арилахгүй шүү дээ. 

-Олон саадыг арилгахын төлөө тодорхой ажил хийж байна. Илүү ихийг хийж, өөрчлөх шаардлага байгаа. “Эдийн засгийг шинжлэх ухаанжуулъя. Шинжлэх ухааныг эдийн засагжуулъя” гэж манай улстөрчид сүүлийн үед их ярьдаг болсон. Техник, технологийн судалгаа хийхэд тусгай зориулалтын лаборатори, багаж тоног төхөөрөмж, урвалж бодис хэрэгтэй. Тэр нь ч багагүй үнэ өртөгтэй.

2019 онд Ерөнхий сайд байсан, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье”  уриан дор зохион байгуулсан. Төр, засгаас шинжлэх ухаан, технологийн салбарт хандах хандлагаа, судлаачид ч судалгаа, шинжилгээндээ хандах хандлагаа эргэж харахыг уриалсан юм. Энэ их хурлаас олон шийдвэр гарсны нэг нь шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны хотхон байгуулах байлаа. Тэр нь тухайн үедээ мөрөөдөл мэт төсөөлөгдөж байсан бол өнөөдөр Монгол Улс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн том цогцолбортой болох гэж байна. Сайхан үр дүн. Лабораторийн 3 барилга ашиглалтад ороход бэлэн болж, судалгааны тоног төхөөрөмж авах л үлдлээ. Офисын 2 барилга 2026 онд бүрэн ашиглалтад орох болов уу. Хандлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа биз?

-Бусдын шинжлэх ухаан, технологийн ололт нүдэн дээр ил байна. Манай шинжлэх ухаан, технологийн ололт харагдахгүй юм.  

-Мэдээж бид өөрсдийгөө бусадтай харьцуулалгүй яах вэ. Хүн үзсэн, харсан, мэдсэн юмтайгаа л өнөөдрийн улс орноо, байгаа байдлаа харьцуулж, жишнэ шүү дээ. Гадаадаар явж, ололт амжилтыг нь үзэж ирээд, биднийгээ шүүмжилдэг. Тэдний шүүмжлэлийг зөв талаас нь хүлээн авна аа. Бид монгол хүний оюуны потенциал, мэдлэг чадвар, байгаа хүчин чадлаа ашиглан, чадлынхаа хэрээр хичээх болно. Шүүмжлэхийн зэрэгцээ бас биднийгээ дэмжээрэй гэж уриалъя! Би түрүүн хэлсэн. Сайн ч, муу ч өнөөдөр бидэнд байгаа бүхий л нөөц бололцоо маань энэ. Үүндээ л тулж хөгжихөөс өөр арга байхгүй. Өнөөдөр чадахгүй ч маргааш чадахын төлөө хичээнэ. Үр дүнд хүрнэ.

-Эрдэмтдийн маань зарлаагүй, бизнес болгочихмоор нээлт, судалгаа юу байна вэ?

-Биотехнологийн аргаар малын арьс боловсруулах технологи бэлэн болгоод, туршиж байна. Өнөөдөр үнэгүй байгаа малын арьсыг энэ технологиор үнэд хүргэнэ. Малын арьсыг дээд зэргээр боловсруулна. Арьсаа сайн боловсруулж чадах аваас малчдын амьжиргаа дээшилнэ, үйлдвэрлэж буй арьсан бүтээгдэхүүний чанар ч сайжирна.

-Эг гол дээр УЦС барих асуудал дээр Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд хамтран ажиллахаар болсон. Асуудал шийдэгдэх нь үү?

-2024 оны 10-р сарын 9-нд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр, ШУА-иас миний бие оролцлоо. Тэнд ярьсан гол асуудал нь Эгийн УЦС. Манай тал энэ асуудлыг онцолж тавьсан. Оросын тал ч мөн энэ асуудлыг анхаарч, хэлэлцсэн. Өнөөдөр Эг гол дээр УЦС барих төслийн гол гацаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөө. Ялангуяа Байгаль нуур, Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөн дээр хоёр тал зөрүүтэй байр суурьтай байгаа. Хоёр орны ШУА-ийн судлаачид хамтран, энэ асуудлыг нэг талд нь гаргаж, Засгийн газартаа нэгдсэн дүгнэлт гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Судлаачдаас бүрдсэн хоёр талын ажлын хэсэг хамтран ажиллаж, УЦС барьж болох үгүйг шинжлэх ухааны тайлалтай дүгнэж өгнө.

Олон жилийн турш энэ асуудлаар 2 талын албан тушаалтнууд шийдэлд хүрсэнгүй. Харин одоо судлаачид хамтран ажиллаад, нэгдсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөг гэж шийдсэн. Шаардлагатай гэж үзвэл зарим нэмэлт судалгаа хийнэ гэж тохирсон. Гэхдээ хугацаатай. 2025 онд 2 талын судлаачид энэ асуудлыг судлаад, 2026 оны эхний хагас жилд нэгдсэн дүгнэлт гаргахаар тохирсон. Сошиал ертөнцөөр энэ асуудлыг янз бүрээр ярьж шүүмжилж байгаа. Энэ асуудлыг нааштай шийдэхийн төлөө Монголын эрдэмтэд нэгдэж, хичээн ажиллах болно оо.

Өнөөдөр хоёр орны ШУА тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаад байна. Монголын талын ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсгийн үйл ажиллагааны бүхий л зардлыг манай Засгийн газар ямар ч асуудалгүй гаргаж өгнө гэсэн. Бид ч өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллана.

-Энэ ажил амжилттай болно гэдэгт Та итгэж байна уу?

-Итгэж байна. Үүний төлөө бид хичээж ажиллана. “Бид” гэж зөвхөн ажлын хэсэгт орсон хүмүүсийг хэлээгүй. Энэ чиглэлээр судалгаа хийдэг ШУА, МУИС, ШУТИС, бусад их, дээд сургууль, төрийн болон ТББ бүгдээрээ л хамтран ажиллах болно. Бид энэ асуудлаар хамтран хэлэлцүүлэг хийж, эерэг, сөрөг бүхий л хүчин зүйлийн талаар ярилцаж зөвлөлдсөн. Бид өөдрөг бодолтой байгаа. Монгол, Оросын судлаачид нэг л асуудлыг хамтран судалж байгаа учир нэгдсэн, зөв дүгнэлтэд хүрнэ гэдэг итгэл үнэмшилтэй байгаа. Эг голын УЦС-ын төсөл Монгол Улсын хувьд тун чухал. Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр УЦС байгуулах, ашиглах боломж бий гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг судалгааны хамтарсан дүгнэлтээр баталгаажуулахын төлөө ажиллана.

-Эг голын УЦС төслийн хүрээнд их судалгаа хийсэн. Өгөгдөл бэлэн. Одоо дүгнэлт л гаргах хэрэгтэй байгаа биз дээ?

-Тийм. Монголын тал их судалгаа хийсэн. Оросын тал ч энэ чиглэлээр их судалсан. Оросын талаас “Монголын тал судалгаандаа Оросын талд хийгдсэн судалгааны өгөгдлийг дутуу ашигласан байна” гэдэг асуудал тавиад байгаа. Бид асуудлыг авч үзнэ. Хамт суугаад шийдье гэж байгаа. Ямар нэг зөрчил үүсвэл нэмэлт судалгаа хийхээр тохирсон.

-Нэмэлт судалгаа хийх хугацаагаа оруулаад, эцсийн дүгнэлт 2026 оны эхний хагас жилд гарна биз дээ?

-Тэгнэ. “Эцсийн нэгдсэн дүгнэлтийг 2026 оны эхний хагас жилд гаргахаар тохирсон.

ХҮҮХДҮҮДИЙГ ЭРДЭМТЭН БОЛОХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Шинжлэх ухаан, технологийн шинэчилсэн хуульд танай салбарынхны хүссэн өөрчлөлт орсон уу. Эрдэмтдийн хүссэн хууль болж чадсан уу?

-Хуулийн шинэчилсэн найруулгад манай салбарынхан талархалтай хандаж байгаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 2024 оны 5-р сард УИХ шинэчлэн баталсан. Төрөөс эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх эрх зүйн орчин бий болгосон. Энэ нь төр-шинжлэх ухаан-үйлдвэр, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих бас нэг чухал эхлэл болсон. Хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө бүгд л хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ дээ.

-БШУЯ-ны харьяанаас шинжлэх ухааны салбарыг гаргаж, ЭЗХЯ-нд харьяалууллаа. Ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Шинжлэх ухааны салбарын ололт амжилт зөвхөн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагаас хамааралтай биш л дээ. Шшинжлэх ухааны салбарт оролцогч талуудаас бас хамаарна. УИХ, Засгийн газар, их, дээд сургууль, үйлдвэр, бизнесийн салбарын уялдаа холбоо, нэгдмэл бодлого, чиглэл, зохицуулалт, дэмжлэгээс шууд хамаардаг. Тиймээс ч Засгийн газар шинжлэх ухааны салбарын бодлогын асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалуулсан гэж бид ойлгосон. Шинжлэх ухаан, технологи бол үндэсний хэмжээний асуудал гэж Засгийн газар үзэж байна гэж  хүлээн авсан.

Манай салбарын асуудал үндсэндээ сүүлийн 30-аад жилд боловсролын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын дэргэд явж ирсэн. Ер нь боловсролын салбарын асуудал өөрөө том учраас шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт үргэлж орхигдож, хоёрдугаарт тавигдаж ирсэн гэж хэлэхэд нэг их хэлсдэхгүй.

Засгийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг ДНБ-ий 1%-д хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлнэ” гэж тусгасан. Энэ нь манай салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит алхам болно гэж бодож байна.

Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх үйл хэрэгт ШУА, манай судлаачид манлайлан оролцох болно.

Мэдээж ШУА бууриа сэлгэж, шинэ яамны харьяанд шилжсэнд сайн тал ч бий, саар тал ч үүсэхийг үгүйсгэхгүй. БШУЯ-наас шинжлэх ухаан гэдэг үгийг хасаж, Боловсролын яам болгоход, эрдэмтэд их эмзэглэсэн. Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагуудын нэрнээс шинжлэх ухаан гэсэн үг хасагдахад, таатай байсангүй. Гэхдээ ЭЗХЯ-нд ирснээр ШУА, Монголын судлаачдын өмнө шинэ боломж нээгдэж байна гэж харж байна.

-Залуус энэ салбарт тэсэж байна уу?

-Бид залуусаа ч дэмжинэ, ахмад үеэ ч хайрлана. Ид үетэйгээ хамтран, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өмнөх, одоо, ирээдүй 3 үеийн хэлхээ бат бөх, зөв зохистой уялдаатай бол шинжлэх ухааны салбар хөгжинө. Харьцаа алдагдвал салбарын хөгжил доголдоно.

Техник, тоног төхөөрөмжийг худалдаад авч болдог. Харин мэдлэг чадвартай сайн боловсон хүчнийг сургаж бэлтгэх асуудал огт өөр. Хугацаа орно. Хөрөнгө ч зарцуулна. Бусад салбараас шинжлэх ухаан, технологийн салбар огт өөр. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байдаг, шинийг эрэлхийлдэг, бодож тунгаадаг, туршиж шалгадаг, дүгнэж цэгнэдэг судлаачдыг бэлтгэж, дадлагажуулна гэдэг тун амаргүй. ШУА хал үзэж туршлагажсан ахмад эрдэмтэд, эрдэм мэдлэг, арга барил, чадвар нь тэгширсэн дунд үеийнхэн, ирээдүй өөд тэмүүлсэн авьяаслаг залуу үеийн зохистой харьцааг хадгалахын төлөө ажилладаг.

Залуу үе бидний ирээдүй шүү дээ. Залуу судлаачдыг бэлтгэх асуудал олон шат дамжлагатай, олон талаас шалтгаалдаг асуудал. Дунд сургуулийн хичээлийн програм, их, дээд сургуульд нарийн мэргэжлийн хичээлүүдийг хэрхэн зааж, мэдлэг боловсрол олгож байгаа нь их нөлөөтэй. Жишээ нь: Физик, математик, хими, байгаль, техникийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутан цөөрч байна. Энэ бол тун харамсалтай хэрэг. Шинжлэх ухааны салбарт ажиллах залуус ч цөөрч байна. Үүнд залуу хүнийг буруутгах аргагүй. Хэн ч сайхан амьдрахыг л хүснэ. Эрдэм шинжилгээний ажилтны авч буй цалин, амьдралын нөхцөл байдал тийм сайхан биш байгааг, хэн сайхан амьдарч байгааг тэд харж байгаа. Эрдэмтэн хүн ажлынхаа үр шимийг хүртэж, өндөр цалинтай, сайхан амьдарч болохыг нийгэмд харуулж чадсан цагт л залуус энэ салбар луу  чиглэх болно.

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль олон. Улсын бараг бүх сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангитай. Гэвч тэнд сурагчдын сурсан мэдсэн нь харилцан адилгүй, сайн мэдэхгүй хэсэг нь дийлэнх байх талтай. Гүнзгийрүүлсэн сургалт нэрийн дор төлбөр л авах зорилготой. Чанар байхгүй. Ийм байхаар чинь байгалийн шинжлэх ухааныг сонгож сурах сурагч олдохгүй л дээ

-Гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, анги байх нь муу биш л дээ. Асуудлын учир нь өөр зүйлд байгаа гэж боддог. Өнөөдөр манай сурагчид олон улсын янз бүрийн олимпиадад амжилттай оролцож, урьд өмнө бидний мөрөөддөг байсан алт, мөнгө, хүрэл медалийг авдаг болсон. Авьяаслаг мундаг хүүхдүүдээрээ бахархаж байна. Гэхдээ бид нийт сурагчдын, үндсэн массын мэдлэгт их анхаарах хэрэгтэй. Байгалийн шинжлэх ухааныг сонгон суралцах оюутан, сурагч олширч байж, ирээдүйн үндэсний залуу эрдэмтдийн эгнээ дүүрэн, шинжлэх ухаан, технологийн салбарын ирээдүй сайхан харагдана.

Математик, физик, химийн хичээл амар биш л дээ. Гэхдээ эдгээр хичээлдээ сайн хүүхдүүд л анги танхимдаа мэдлэгээрээ тэргүүлдэг шүү дээ. Хүүхдүүдийн  өрсөлдөөн дундаас ухаантай, мэдлэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай монгол залуус бий болно. Өрсөлдөөн дунд л хүүхэд мэдлэг чадвараа дээшлүүлж, өөрийгөө дайчилж сурна.  

Хүүхэд, залуусыг эрдэмтэн судлаач болох юм сан гэсэн хүсэл мөрөөдөлтэй болгохын төлөө хичээж ажиллана. Ийм хүсэл мөрөөдөлтэй болоход ганцхан шалгуур бий. Тэр нь юу гэвэл, эрдэмтэн хүний судалгааны үр дүн амьдралд нь хэрэгждэг, ингэснээрээ сайхан амьдардаг л байх ёстой.

1980-аад онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар орохын тулд залуус өрсөлддөг байлаа. Тэр үед эрдэм шинжилгээний ажилтны цалин өндөр, хангамж сайн байсан. Ийм болгохын төлөө ажиллана.

-Яаж ийм болгох вэ гэдгээ бодоод олчихсон уу?

-ШУА-ийн харьяа хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагууд төрийн үйлчилгээний байгууллага мөртлөө шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Эрдэм шинижлгээний хүрээлэнгүүдийг олон талт санхүүжилттэй болгох бүрэн боломжтой. Энэ бол шинэ юм огт биш. Өмнө нь яригдаж, тодорхой хэмжээгээр хэрэгжиж байсан асуудал. Үүнийг улам өргөн, эрчимтэй хэрэгжүүлье гэж байгаа юм. Хүрээлэн, төвүүд үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн дотооддоо янз бүрийн байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Судалгааны үр дүнг үйлдвэр, практикт нэвтрүүлж, нэмэлт орлого олох боломжтой. Ингэснээрээ төсвийн санхүүжилтээс гадна энэ олон сувгаас нэмэлт орлого олж, цаашид өргөжин хөгжих, судлаачдынхаа нийгмийн асуудлыг шийдэж явах боломжтой.

-Судлаачийн дундаж цалин одоо хэд байгаа вэ?

-Дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авч байна. Дээр нь цол, зэрэг, ажилласан жилийн нэмэгдэл бий. Дундаж цалинг дор хаяж 3 саяд хүргэх хэрэгтэй. Ийм цалин авдаг ажилтан бий юү гэвэл бий. Хамгийн гол нийтээр нь ийм түвшинд хүргэх нь чухал. Тэгвэл судлаачдын ажиллах урам нэмэгдэж, ажлын үр дүн ч сайжирна гэж итгэж байна.

Хүрээлэнгүүд төсвийн байгууллага учраас арилжааны банканд данс нээх, мөнгө байршуулахыг зөвшөөрдөггүй юм. Холбогдох журмын дагуу зөвшөөрөл авч болдог ч тэр бүр хэрэгждэггүй. Өнөөдрийн зах зээл, бизнесийн орчинд зохицож, хурдтай ажиллахын тулд хүрээлэнгүүд олсон орлогоо чөлөөтэй зарцуулдаг, хурдан гүйлгээ хийдэг болох хэрэгтэй. Гэхдээ би төсвөөс авдаг мөнгөний тухай яриагүй шүү. Төсвийн мөнгийг Төрийн сан банкаар дамжуулан, зарцуулахад асуудал байхгүй. Харин эрдэм шинжилгээний байгууллага судалгааныхаа үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, гэрээт ажил гүйцэтгэж олсон орлогоо арилжааны банкинд байршуулж, зөв зохистой хурдан зарцуулдаг болох хэрэгтэй байна. Ингэснээр судлаачдын идэвх, санаачилга сайжирна. Төрөөс үргэлж хөрөнгө мөнгө гуйх нь багасна. Бие даан хөгжих боломж бүрдэнэ. Хууль эрх зүйн хувьд үүнийг зөв зохицуулаад өгвөл хүрээлэнгүүдийн бие даан хөгжих санаачилга эрс нэмэгдэнэ. Бүгдийг “Болохгүй” гээд хориод баймгүй л байна.

-Ийм болгочхоод дараа нь АТГ-т дуудагдах вий дээ. Айхгүй байна уу?

-Олсон орлогоо зөв зарж байвал юунд буруутна гэж. Байгууллагынхаа хөгжлийг хангаж, ажилтнуудынхаа цалин орлогыг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдэх нь удирдах албан тушаалтнуудын үүрэг шүү дээ. Би өмнө нь хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа ийм саналыг шинжлэх ухааны удирдах ажилтны зөвлөгөөн дээр гаргаж л байсан. Одоо ч гэсэн миний байр суурь өөрчлөгдөөгүй. Бүгдэд нь болдоггүй юм бол аль нэг хүрээлэн дээр туршиж үзье.

Ер нь аливаа хурал, зөвлөгөөн дээр хүмүүс санал их хэлдэг. Санаачилгатай зөв санал ч их байдаг. Гэхдээ ихэнх нь хариултгүй өнгөрдөг. ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд судлаачдын асуулт, санал бүрт хариулт өгч, эргэх холбоотой ажиллана гэж бодож байгаа. Хүний гаргасан санал усанд хаясан чулуу шиг алга болдог байж болохгүй.

-Уг нь зөв л санаа байна.

-Эрдэмтэн судлаачдыгаа өндөр цалинтай, орлоготой болгочихлоо гээд буруутвал хэн энд ажиллах юм бэ? “Төсвийн цалингаараа л амьдар” гээд хайрцаглаад байвал энэ салбарын хөгжил зогсоно шүү дээ. Бидний ойлгож байгаагаар бол төсвийн цалингийн сүлжээ бол эрдэм шинжилгээний ажилтны цалингийн доод хэмжээг зааж өгдөг. Түүн дээрээ нэмээд, орлого олж болдог байх учиртай. Төсвөөс байнга гуйх хэцүү. Бид өөрсдөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж, судалгааныхаа үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, санаачилгатай ажиллах хэрэгтэй. Судлаачдын цалин нэмэгдэж байж энэ салбарыг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Шинжлэх ухаан, технологийн салбар хөгжвөл Монгол Улс маань хөгжинө шүү дээ.

-Шинжлэх ухааны судалгаа, мэдээллийг хэзээ нээлттэй болгох вэ? Надад нэг бизнесийн санаа төрлөө гэхэд ажил болгоход хэрэгтэй судалгааг Монголд хийж үү, хийсэн бол хэн хийж вэ гэдгийг мэдэх нь чухал.

-Шинжлэх ухаан технологийн үр дүнг нээлттэй болгох нь зөв. Нээлттэй бус мэдээлэл бий. Гэхдээ бид дотооддоо мэдээллээ нээлттэй болгох хэрэгтэй. Хамгийн эхний алхам бол Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн тайланг он оноор нь гаргах асуудал. Өнөөдөр энэ салбарын жил бүрийн нэгдсэн тайланг ШУА-ийн бага чуулган гаргадаг. Тайлангаа ирүүлдэг газар ч бий. Өгдөггүй байгууллага ч бас бий. Ер нь Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр судалгаа хийдэг бүхий л байгууллага, түүний дотор ШУА, хувийн болон төрийн их сургуулиуд, төрийн бус байгууллага, хувийн компаниуд тухайн жилдээ судалгаанд зориулж зарцуулсан хөрөнгө мөнгө, гарсан үр дүнг нэгтгэн, энэ тайланд тусгах нь их ач холбогдолтой. Улсын хэмжээнд хаана, хэн, юу хийж, ямар үр дүнд хүрч байгааг нэг дороос мэдэх боломж бүрдэнэ. Нууцлах шаардлагатай бол ерөнхий мэдээллээ ирүүлэхэд л хангалттай шүү дээ.

ШУА-ийн бага чуулганы нөөц бололцоог ашиглан, энэ тайланг нэгтгэдэг болгохоор төлөвлөж байна. Их, дээд сургуулиудын магистр, докторын судалгааны үр дүнг ч мөн энэ тайланд нэгтгэх нь зүйтэй. Ингэвэл Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын ой санамж сайжирна. 2026 он гэхэд бид ийм тайлан гаргахын төлөө бусад байгууллагатай хамтран ажиллана. Засгийн газраас тодорхой чиглэл өгүүлнэ.

-Шинжлэх ухааны судалгаа, мэдээллийн статистик байна уу?

-1993-2022 онд шинжлэх ухааны салбарт нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4.688 төсөл санхүүжүүлж, 54.934 үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон статистик бий. Шинжлэх ухаан, технологийн сан цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлж, тус сангаас санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлын тайланг олон нийтэд ил тод болгосон. Тус сангийн цахим хуудаснаас үүнтэй танилцаж боломжтой.

Эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид судалгааныхаа үр дүнг хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. 2023 онд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, нийт 18.3 тэрбум төгрөгийн төсвийн бус орлого бүрдүүлсэн байна. Үүнийг эрдэм шинжилгээний ажилтны цалинг нэмэх, ажиллах орчныг сайжруулах, төслийн үр дүнг ашиглах, судалгааны ажлыг үйлдвэр, аж ахуйн нэгж дээр нэвтрүүлэх зэрэг олон ажил хийсэн.

Сансрын үндэсний зөвлөлд ямар хүмүүс яаж ажилладаг вэ?

-Монгол Улс сансар судлал, сансрын техник, технологийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор Үндэсний сансрын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл одоогоор төрийн удирдлагын түвшний төлөөллөөс бүрдэж байгаа. Үндсэн үүрэг нь улс орны сансрын салбарын бодлогыг тодорхойлох, стратегийн чиглэл гаргах явдал юм.

-Ямар цалин хангамжтай вэ?

-Зөвлөлийн гишүүд ямар ч цалин, хангамжгүйгээр ажилладаг. Ирээдүйд энэ ажилд үнэлэмж бий болгож, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс ийм асуудлыг тооцож үзэхэд болохгүй асуудал байхгүй юм шиг.

-Хиймэл дагуул бүтээх төвийг ямар зардлаар, хэзээ Монголд байгуулах юм бэ?

-Үндэсний сансрын төв байгуулах нь урт хугацааны стратегийн зорилт юм. Энэ төв нь зөвхөн микро хиймэл дагуул хүртэл зохион бүтээх, турших, тестлэх, хөгжүүлэх бус, Монголын инженерүүдийн ур чадварыг хөгжүүлж, улс орныхоо технологийн чадавхыг бататгах үндэс суурь болно.

-Гадаадаас эд анги авчирч угсрахыг хиймэл дагуул бүтээх гэж яриад байна уу. Деталь бүрийг нь Монголд үйлдвэрлэх юм уу?

-Хиймэл дагуул бүтээх нь гадаадаас эд анги авчирч угсрах энгийн үйл явц биш. Энэ бол шинжлэх ухаан, технологийн гүнзгий судалгаа, өндөр нарийвчлал шаардсан нэгдмэл, зохион бүтээх процесс юм. Бид гадаадын дэвшилтэт технологийг сурч, өөрийн орны нөхцөлд нийцүүлэн хөгжүүлж, улмаар Дэлхийн түвшний бүтээл туурвихыг зорьж байна. Техникийн зарим эд ангиудыг импортоор авч ашиглах боловч, Монголдоо технологийг шат дараатайгаар нутагшуулж, үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.

-Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл үнэхээр амьдралаас хол сонсогдож байна. Та Одон орон, геофизикийн хүрээлэнд ажиллаж байсан учраас сансар судлал, хиймэл дагуул яриад байна уу. Та энэ салбараас ямар боломж олж харсан юм бэ?

-Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл бол Монгол Улсын стратегийн хөгжлийн чухал алхам болох учиртай. Гео-Орбитод байрлах үндэсний хиймэл дагуул нь зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх бус, улс орны аюулгүй байдал, бие даасан байдлыг бататгах, сансар судлалын технологид суурилсан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх суурь дэд бүтэц болно.

Би Одон орон, геофизикийн хүрээлэнд ажиллаж байсан туршлагынхаа хүрээнд шинжлэх ухааныг зөвхөн онолын судалгааны түвшинд бус, практик ач холбогдолтой байдлаар улс орныхоо сайн сайхны төлөө ашиглах боломжтойг гүнзгий ойлгосон. Монгол Улс сансар судлалын орчин үеийн техник технологийн хөгжилд шинээр хөл тавьж байгаа ч, энэ салбарт зөв хөрөнгө оруулалт хийж, технологи нутагшуулах замаар Дэлхийн түвшинд өрсөлдөх бүрэн боломжтой.

Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээнд тулгуурлах биш, технологийн дэвшлийг өөрийн болгох, улмаар Дэлхийд гарч өрсөлдөхөд чиглэж байгаа. Сансрын технологийн хөгжил бол зөвхөн өнөөдрийн асуудал бус, ирээдүйн эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох, шинжлэх ухаан, инженерчлэлийн чадамжийг өсгөх улс орны өрсөлдөх чадвар, аюулгүй байдлын үндэс суурь болох юм. Эцэст нь, бид сансрын технологийг Монголд нутагшуулж, энэ чиглэлийн үндэсний боловсон хүчинг бэлтгэж, Дэлхийд өрсөлдөх чадамжтай болохын төлөө ажиллана. Энэ бол Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд хувьсал авчрах, ирээдүйд үнэлэгдэшгүй ач холбогдолтой зорилго юм.

Өнөөдөр үүнийг бид эхлүүлэхгүй бол хэзээ, хэн хийх юм. Юун мөрөөдчихсөн юм бэ гэж шүүмжилж байвал “Бид мөрөөдөлтэй байна. Бид үүнийг эхлүүлнэ. Бид хийж чадна” гэж хэлье. 10-20 жилийн дараа дахиад л “Эхлүүлэх үү, яах уу” гээд яриад сууж байх юм уу. Үгүй, өнөөдөр эхлүүлэх хэрэгтэй.

ХҮҮГЭЭ ХАРСАН БОЛ ААВ МИНЬ БАЯРЛАХ БАЙСАН ДАА  

-Та хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?

-Өөрийгөө ийм тийм гэж үнэлэхэд амаргүй л дээ. Сэтгэлийн тэнхээ хүн бүрт л бий. Харин их, багын ялгаа байж магад.

-Би таныг сэтгэлийн асар их тэнхээтэй хүн гэж бодож байна. Та 1998 оноос хойш архи огт амсаагүй гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэлгүй 25 жил болж байна. Оюутан, залуу байхдаа найз нартайгаа ууж цэнгэх явдал цөөнгүй л байлаа. Эрхүүд сурч байхад Монголын “Боргио” пиво худалдаанд гарч, бид эх орныхоо бүтээгдэхүүнээр бахархаж уудаг л байлаа.

Орост, тэр тусмаа Эрхүүд оюутан насаа өнгөрөөхдөө водкагийн хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Оюутан насны орос, монгол андуудтайгаа наргиж цэнгэж, дуулж хуурдаж явлаа. 1998 онд Москвагаас аспирантураа дүүргэж ирсний дараа архины хэрэглээгээ нэг мөр зогсоохоор шийдсэн. Амьдралдаа миний чухал, нарийн төвөгтэй шийдвэр гаргасан цэг тэр. Хэцүү шийдвэр. Ихийг бодож, их л тэвчсэн дээ. Архи хүнд сайн юм авчирдаггүй юм байна лээ. Миний амьдралд лав сайн сайхан зүйл авчраагүй. Олсон мөнгө, хайран цагаа үрж, элдэв ааш зан гарган, эцсийн бүлэгт эрүүл мэндээрээ хохироод үлдэхийг ойлгосон. Үүнийгээ дүгнээд больсон. Хичээсэн. Тэвчсэн. Чадсан. Өнөөдөр эргээд дүгнэж хэлэхэд, хүн өрөө л хичээж зүтгэхгүй юм бол ямар ч эм дом, хөндлөнгийн арга чарга тус болдоггүй юм байна гэдгийг ухаарсан даа.

-Хэцүү байсан уу?

-Амаргүй байсаан. 7 хоног, 1 сар, хэдэн сар тэвчлээ. Хамт уудаг найз нөхөд итгэхгүй “Чи юу болчив” гээд л. “Чи боль л доо” гээд архи уулгах гэж оролдоно. Энэ бүгдийг тэсээд л давчихвал хүмүүс “Энэ хүн үнэхээр архинаас гарч” гэж ойлгодог. Хүн бүр архи, дарсыг янз бүрээр л хэрэглэдэг. Гэхдээ бидний дийлэнх архинд донтож, ёс суртахуунгүй үйлдэл хийж эхэлдэг шүү дээ. “Хүн архи анх ууж эхэлсэн үеэ санадаг ч хэзээ архи өөрийг нь ууж эхэлснийг мэддэггүй” гэдэг үг үнэн шүү. Соёлтой хэрэглэж чадахгүй бол бүр мөсөн зогсоосон нь дээр.  

-Найз цөөрсөн үү?

-Ямар найз нөхөд гэдгээс хамаарна. Архины нөхөд цөөрөх байтугай байхгүй болно. Хүний сайн нөхөд ямар ч үед байж л байдаг. Архи уухгүй болсноор ажил үйлс өөдрөг болдог. Амьдрал дээшилдэг. Буруу үйлдэл хийхээ больдог. Архийг аятайхан уудаг найз надад олон бий. Тэдэнтэйгээ хамт суугаад, хөгжилдээд л дуулж хуурдаад явах сэтгэлийн тэнхээ надад бий. Найз нөхөд минь ч үүнийг мэддэг.  

-Би бас тэгж боддог. Хүнийг архинаас гаргадаггүй, хүн өөрөө гардаг.

-Ер нь байгууллагын удирдах ажилтан архийг уудаггүй, эсвэл зөв зохистой хэрэглэж чаддаг бол ажилтнууд нь мөн тийм хандлагатай байдаг гэдгийг мэднэ.

-Төрийн албаныхан архийг их хэрэглэдэг гэх яриа бий.

-Янз бүр л байгаа байх. Архи уудаггүй хүн төрийн албанд олон байгаа. Нэг жишээ нь би.

-Архи амсахгүйн зовлон гэж байх юм уу?

-Байхгүй.

-Архи уухгүй бол ажил бүтдэггүй гэдэг.

-Тэр бол худлаа. Архи уух гэсэн хүмүүсийн л шалтаг. Хүнд архи уулгаж, ажлаа амжуулна гэдэг чинь буруу. Эрүүл биед саруул ухаан. Саруул ухаан амжилтын үндэс.

-Та бас тамхинаас гарсан хүн. Тамхичид тамхиа барагтай бол хаяж чаддаггүй. Тамхинаас гарахыг хүсдэг ч чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хэцүү хэдий ч хичээх л хэрэгтэй.

-Архинаас гарахаас хэцүү гэж үү?

-Хүн бүрт өөр л дөө. Зарим хүн тамхинаас илүү амархан гарчихсан байх жишээтэй. Тамхины шууд хор нөлөө бага. Тамхийг хүн өдөр бүр татсаар, ердийн хэрэглээ болгочихдог. Түүндээ дасаж, сүүлдээ бие организм нь тамхийг нэхдэг. Энэ зуршлыг зогсоож, болино гэдэг хүнээс сэтгэлийн их тэнхээ, тэвчээр шаарддаг.

-Тэгээд Та яаж тэссэн юм бэ?

-Миний хувьд тамхинаас гарах нь илүү хэцүү байсан гэх үү дээ. “Үгүй” гээд л тэвчсэн дээ. Тамхинаас гараад 20-иод жил өнгөрчээ.

-Ороход амархан, гарахад хэцүү.   

-Тамхинд орох амархан. Найз тамхилахад хажууд нь зогсож байгаад нэг мэдэхэд сурчихсан байсан. Тэр нь дадал зуршил болоод, нэг мэдэхэд тамхичин болчихсон байлаа. Харин тамхийг хаяхад маш хэцүү. Тамхинаас гаргах зориулалттай элдэв эм тус болохгүй. Зогсооно гэж шийдсэн бол шийдсэндээ хүрэхийн төлөө тэмцэх, тэвчих л хэрэгтэй. Сэтгэлийн хаттай байх ёстой. Өөрийгөө завгүй, ажилтай байлгах хэрэгтэй. Завгүй хүнд өөр юм бодох сөхөө олдохгүй.

-Өөрийгөө ажилтай байлгахдаа дуртай юмаа хийхгүй л бол дургүйд хүчгүй болно биз дээ?

-Хүн бүр өөрийн гэсэн хообийтой. Жишээ нь: Дуу сурч болно шүү дээ. Дуунд дургүй хүн гэж хаана ч байхгүй. Дууны үгийг бүрэн цээжлэх, дараа нь түүнийгээ дуулах сайхан шүү дээ. Сайхан дууг сэтгэлээсээ дуулахад хүний сэтгэл дотор ариусна шүү дээ.

-Архи, тамхийг хаяж чаддаг хүнд гадаад хэл сурах бол хялбархан зүйл биз. Орост оюутан байсан юм чинь орос хэл бол мэдээжийн. Англи хэлийг хаана, яаж сурсан юм бэ?

-Мэдээж орос хэл миний 2 дахь хэл. Өнөөдөр англи хэлний мэдлэггүйгээр албан тушаал хашна гэдэг хэцүү. Ялангуяа шинжлэх ухааны байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа англи хэлээр явагдана. Гадаад түншүүдтэй хамтран ажиллах шаардлагаар өөрөө бие даан сурсан. Гадаад төсөл, хөтөлбөр хариуцан ажиллаж байсан юм. Буруу ойлголцох, алдаа гаргах эрхгүй. Ер нь хүн өөрийгөө үргэлж дайчилж, үргэлж сурч байх ёстой гэж боддог. Аливаад сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сэтгэлээ зориулж хийсэн үйлс үргэлж сайхан бүтдэг юм. Сэтгэлийн хүч гэдэг тийм л хүчтэй эд дээ.

-Франц хэлийг?

-Француудтай олон жил хамт ажилласан болохоор анхан шатны ярианы хэлтэй. Сайжруулах хүсэл байв ч цаг заваа зарцуулах боломж дулимагхан л байна. Гэхдээ дуунд дуртай юм болохоороо 2-3 франц дууны үгийг бүтнээр нь мэднэ. Саяхан Францын түншүүдтэйгээ хамтын ажиллагааны 30 жилийн ойн баяр тэмдэглэх үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн дууллыг дуулж өгөхөд тэд ихэд гайхаж, баярлацгаасан.

-Танд бизнес хийх боломж байсан юм биш үү?

-Бизнес хөөсөн бол тодорхой амжилт гаргасан байхыг үгүйсгэхгүй. Амьдралдаа юм юм л хийж явлаа. ОХУ-ын Москва хотод суралцаж байх 1990 оны тэр хэцүү үед найз нөхөдтэйгөө наймаа хийж байсныг нуугаад яах вэ. Хүн бүр л наймаа хийсэн байх. Нэг их ашиг олоогүй ч тухайн үедээ амьдралдаа дэм болж л явлаа. Зөвлөлт Холбоот Улс задарч, Орос орны нийгэм эдийн засаг бүхлээрээ хямарч байсан тэр үед амьдрал ямар болсныг ярихаар одоо зарим залуус үнэмшдэггүй. Монголд ч амьдрал амаргүй байсныг бидний үеийнхэн мэднэ. Одооны хүүхэд, залуус мэдэхгүй л дээ.

-Манай улстөрчдийн маш чадварлаг хэрэглээд байгаа, олон түмний сэтгэлзүйг удирдах аргыг Та Удирдлагын академид сурч байхдаа судалжээ.

-Удирдлагын академид суралцаж олон түмний сэтгэлзүйн судлалын чиглэлээр диплом бичиж хамгаалсан. Хувь хүний сэтгэлзүй, биеэ авч явах байдал нь хэсэг бүлэг, бөөн, олон болохоороо яаж хувиран өөрчлөгддөг талаар эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээлийг судалж, Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ямар шинж чанартай болж байгаа талаар дипломоо бичсэн юм. Би өөрөө математик суурьтай, геофизикээр мэргэшсэн судлаач.

Бөөгнөрсөн олны сэтгэлзүйтэй холбоотой судалгаа нэн сонирхолтой байсан. Хувь хүн бөөн олны дунд орохоороо түүний сэтгэл санаа, өөрийгөө авч явах байдал хэрхэн өөрчлөгддөг, түүнийг юу удирдаж жолооддог болохыг судлах асуудал их сонирхолтой. Манай өнөөдрийн нийгэмд олон нийтийн сэтгэлзүй ямар байгаа, юуг хүсэж байна, тэр хүсэл хяслыг нь хэрхэн удирдаж, ашиглаж, нийгэмд тайван бус байдал бий болгох, түүнийг хөөсрүүлэн дэврээх нөхцөлийн талаар дүгнэлт хийсэн ажил болсон. Дипломын ажилдаа сэтгэл хангалуун байдаг.

-Бөөгнөрсөн олны хувьд удирдагч, бас толгойлогч байдаг тухай та ярилаа. Та өөрийгөө хэн гэж боддог вэ?

-Бөөн олны дунд бусдыг араасаа дагуулж чаддаг тийм хүнийг толгойлогч гэж тодорхойно. Харин тухайн олон түмнийг удирдуулахаар томилогдсон хүнийг удирдагч гэж тодорхойлдог. Толгойлогч, удирдагч хоёр заавал нэг хүн байх албагүй. Уг нь толгойлогч, удирдагч 2 нэг хүн байвал сайн. Удирдагчийн үгийг дагадаггүй толгойлогч байхад асуудал зөрчил үүсдэг. Энэ нь бөөгнөрсөн олны нэгдмэл удирдлагыг алдагдуулдаг. Ийм асуудал бөөгнөрсөн олон америк, хятад, франц ямар үндэстэн байхаас үл хамааран, адилхан илэрдэг.

Эртний Грекийн гүн ухаантнуудаас эхлээд олон судлаач олон түмний сэтгэлзүйг судалж, түүний нууцыг таньж тайлбарлах, удирдан залах боломжийг тайлбарлахыг оролдож байсан. Олон нийтийг удирдах түгээмэл аргыг манай улстөрчид ч гэсэн сайн ашиглаж байгаа. Бөөн олны сэтгэл санаанд нөлөөлөх, үг үйлдэлд итгүүлэх, цааш нь лавшруулах, давалгаалуулах, хөөсрүүлэх гэх мэт янз янзын арга бий. Энэ бүх технологи чинь Эртний Грек, Ромд олон түмний сэтгэлзүйг удирдан залахад ашиглаж байсан арга. Түүнийг л манайхан өөрийн онцлог, цаг хугацааны тодорхой үед хувиргасан хэлбэрт оруулаад, янз бүрээр ашигладаг болж.

Таны асуултын хувьд миний хувьд гэхэд би хамт олон найз нөхдийнхөө дунд идэвхтэй, санаачилгатай, тустай байхыг хичээж явдаг хүн.

-Эрдэм шинжилгээний энгийн ажилтнаас ШУА-ийн ерөнхийлөгч боллоо. Юу бодогдож байх юм?

-Миний дотно хүмүүсийн хайр халамж, намайг хурцалж, урагшлах итгэл өгч байдаг нөхдийн маань дэмжлэг туслалцаа, хамтран ажилладаг эрдмийн хамт олны минь түшиг тулгуур л намайг ШУА-ийн ерөнхийлөгч болоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Намайг сургасан багш, дэмжиж, хамтран ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдадаа баярлаж талархаж явна. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулна.

Ажлын амжилт, амьдралын сайхан үйлсээрээ аав, ээжийнхээ ачийг үр хүүхэд нь хариулдаг. Аавынхаа ачийг хариулах гэж хүү нь хичээж явна даа.

-Таны аав ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн дарга байсан гэл үү?

-Тийм ээ. Хүүгээ харсан бол аав минь баярлах байсан даа. 

0/1000