Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө
Монгол хэлний тухай хуулийн 7.2-т заасны дагуу 2025.01.01-ний өдрөөс төрийн албан хэргийг монгол, кирилл хос бичгээр хөтөлнө. Үүнд манай улс Монгол хэлний тухай хууль батлагдсан 2015 оноос бэлтгэсэн юм. Энэ хуулийн 11.1.2-т “Засгийн Газар үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан байдаг.
Үүний дагуу Засгийн Газар тогтоол гарган, “Монгол бичгийн хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын албан бичиг хэргийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршсан юм. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбарыг аймгуудад байгуулж, бүх нийтийг хос бичигт шилжүүлэхэд бэлтгэлээ.
Одоо төрийн албанаасаа эхлээд, хос бичигтэн болно. Төрийн байгууллагууд хос бичиг хэрэглэж хэвшвэл хувийн хэвшлийнхэн ч дагаад, хос бичгээр албан хэргээ хөтлөхөөс өөр аргагүй болох юм.
Органик бүтээгдэхүүний тухай хуулийг мөрдөнө
УИХ Органик бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн, 5 бүлэг, 19 зүйлтэйгээр 2024.01.17-нд баталсан. 2025.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд химийн бодис бараг хэрэглэдэггүй учир хүний эрүүл мэндэд тустай, байгальд ээлтэй. Тиймээс улс орнууд энэ үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих болжээ. Харин манай улс энэ салбарт дэмжлэг, урамшуулал гэхээр юм үзүүлдэггүй. Гэсэн ч үйлдвэрлэгчид хүчин чадалдаа тулгуурлан, давхардсан тоогоор 1000 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж, холбогдох мэдээллийн санд бүртгүүлжээ. Үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг органик эсэхийг шалгах, гэрчлэх тэмдэг олгох эрхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам авсан байна.
Дэлхийн хүн амын хэрэглэж буй нийт бүтээгдэхүүний 8% нь органик. Үүнийг 15%-д хүргэхээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага зорилт тавьж байна. Тэгвэл монголчуудын 0.5% нь ийм бүтээгдэхүүн хэрэлэдэг. Манай улсад одоогоор органик 257, органик руу шилжиж буй 30 бүтээгдэхүүн бий. Гадаадаас органик гэсэн тэмдэгтэй 80 хүнс оруулж ирдэг.
Монгол Улс нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 5%-ийг органик болгох зорилт тавьж, “Алсын хараа 2050” хөтөлбөрт тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхэд энэ хууль туслах ёстой.
Малчны тухай хуульд шинэ заалт орууллаа
Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ нэмэлт өөрчлөлт оруулан, 2025.01.01-нээс мөрдөх гэж байна. Арилжааны банкаар дамжуулан малчинг үйлдвэрлэгч болгох, эрсдэлээ өөрөө даван туулах чадвартай болгох ерөнхий зорилготой.
Малын тоо толгойн албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, арилжааны банканд данстай малчид хөнгөлөлттэй зээл авах боломж нь нэмэгдэнэ. Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тарих, хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах, цас цэвэрлэн бэлчээр гаргах зориулалттай техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах бол хөнгөлөлттэй зээл олгох юм байна.
Ахмад настнуудыг ажил хийхийг дэмжинэ
УИХ-ын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024.05.22-нд баталсан. Энэ хууль ерөнхийдөө ахмадуудаар ажил хийлгэх, эрүүл амьдрах нь туслах, эрсдэлээс хамгаалах зорилготой.
Монгол Улсын хүн амын дундаж нас байнга нэмэгдэж байгаа тул мэдлэг чадвартай, туршлагатай ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч байна. 2010 онд хөдөлмөрийн насны 10 хүнд 1 ахмад ноогддог байсан бол 2040 он гэхэд ажил хийдэг 4 хүний 1 нь ахмад болох нь. Тиймээс ахмад настнуудыг тэтгэвэрт гаргалгүй, үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, амьдралынхаа туршид чадвараа бүрэн ашиглахад энэ хууль анхаарчээ.
Одоо ахмадууд 5 жилд 1 удаа протез, ортопед үнэгүй хийлгэх эрхтэй. Үүнийг 3 жил болголоо. Энэ нь ахмадуудын хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй байхад тус болох юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд ахмадын сан бий болговол төр дэмжинэ. Тэтгэврээсээ болоод зарим ахмад гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилбал, эдийн засгийн хүчирхийлэл 36%-ийг эзэлж байгаа аж. Иймд ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрөлгүй авах, зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглахыг хориглож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгалаа. Энэ мэтчилэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан, 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ батлав. Эдгээр хууль бүгд 2025.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ
Засгийн газар “20 минутын хот”-оо бий болгохын тулд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, 2024.06.05-нд УИХ-аар батлуулсан. Энэ хуулийг 2025.06.01-нээс мөрдөж эхэлнэ.
Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 онд өөрчлөлт хийж, 1992 оны шинэ Үндсэн хуулиар 9 дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан юм. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3%-ийг эзэлдэг энэ хотод хүн амын 50 гаруй хувь нь төвлөрлөө. Нийслэлийн 35.206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойруу, Төрийн ордныг тойрон, төрийн 140 байгууллага байрладаг. Бага тойруугийн 86 га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд бүхэлдээ төвлөрч байна.
“20 минутын хот” эрх зүйн цогц реформ хийвэл Хөшигийн хөндий, Шинэ Зуунмод хот, шинэ Хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, бүсийн төвүүд, томоохон боомтуудыг улсын зэрэглэлтэй хот болгох эрх зүйн боломж нээгдэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж, нийслэлийг 14 хотод хуваан, бие даан хөгжүүлж, иргэд нь 20 минутад төрийн үйлчилгээ авах нэгдсэн стандарт тогтоохоор төлөвлөжээ. Нийслэлийн 204 хороог 42 нэгж буюу орон нутгийн статустай хот болгож, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгох юм.
Бага тойрууд төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн Газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлнэ. Бага тойруу-Хөшигийн хөндийг дүүжин гүүр, туннелиэр холбож, 20 минутын дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүргэх гүүрэн байгууламж барих гэж байна.
Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчилнө. Үүний үр дүнд нийслэлийн иргэд тийшээ шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг орон нутаг руу нүүлгэх нөхцөл бүрдэнэ.
IT салбарынхан хуультай боллоо
Манай улсын мэдээллийн технологийн салбарынхан анх удаа хуультай боллоо. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024.06.05-нд батлагдсантай холбогдуулан, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Харилцаа холбооны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулав.
Монгол Улсын ДНБ-ий 3.2%-ийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эзэлдэг. Үүнийг нэмэгдүүлэх нь энэ хуулийн нэгэн том зорилго. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг Монголд авчрах, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжихэд энэ хууль чиглэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грантаар энэ салбарын үйлдвэрлэлийг дэмжих юм.
Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна. Энэхүү виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг төрөөс үзүүлэх юм байна.
Энэ хуулийн хүрээнд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгохоор Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны яам зорьж байна. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж, эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.