Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын 8 жил үргэлжилсэн гэр бүлээ цуцлуулах маргаан дууссаныг шинэ оны өмнө мэдээлжээ.
Энэ талаар Жолигийн өмгөөлөгч Жеймс Саймон мэдэгдэл хийхдээ “Энэ бол найман жилийн өмнө эхэлсэн удаан хугацааны үйл явцын зөвхөн нэг хэсэг нь. Үнэнийг хэлэхэд Анжелина маш их залхсан ч одоо л тайвширч байна” гэжээ.
Тэд гэр бүлээ салгах өргөдөлд гарын үсэг зурж, шүүхэд өгчээ. Жоли салах өргөдөлдөө 8-15 насны зургаан хүүхдээ халамжлан өсгөх эрхийг өөртөө авах, Питтэд зөвхөн уулзах эрх олгох хүсэлт гаргасан байна. Асран хамгаалахтай холбоотой ширүүн маргаан үүссэн бөгөөд эцсийн байдлаар тэд хэрхэн зөвшилцсөн талаарх мэдээллийг өмгөөлөгч өгөөгүй аж.
2000 онд “Girl, Interrupted” киногоороо Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн Анжелина Жоли өмнө нь жүжигчин Жонни Ли Миллер, Билли Боб Торнтон нартай гэрлэж байжээ. Харин Брэд Питт 2003 онд жүжигчин Женнифер Энистонтой гэрлэх үедээ Жолитой хамт “Ноён & Хатагтай Смит” киноны зураг авалтад орж байсан. Тухайн үед Жоли, Питт нарын харилцааны мэдээллүүд гарч байсан ч Жоли “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Питт, Энистон хоёрыг салах хүртэл “маш сайн найзууд” байсан гэж хэлж байжээ.