horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

“Ука” хочит Л.Алтанхуяг нарын 16 хүнд холбогдох хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээр болов

post-img

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Л.Алтанхуяг, Н.Алтангэрэл, С.Алтансүх, М.Амартүвшин, А.Бадамсэрээжид, Н.Батдуулга, Н.Батцэнгэл, Д.Батмарта, Э.Бошигт, С.Билгүүн, Э.Сумъяажаргал, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Б.Ууганзаяа, Б.Хулансамбуу, П.Энхсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Л.Алтанхуяг, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Н.Алтангэрэл, шүүгдэгч Н.Батдуулга, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Б.Ууганзаяа, шүүгдэгч С.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Э.Сумъяажаргалын өмгөөлөгч З.Хүрэлсүх болон Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдолд үндэслэн, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Алтанхуяг нарын 16 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10, 17.6 дугаар зүйлийн 2.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 20.16 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарна гэж үзээд, тэдний хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын-Илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг дээрх хүмүүс хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан, айлган сүрдүүлж заналхийлсэн гэх хэрэгт холбогдсон юм. Тэдний хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж, шүүхэд шилжүүлсэн.

Тэд Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардаж авсан байдаг. 2022 оны 12 дугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон, биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэж ЭЦА мэдээлж байв. Иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэрэгт холбогджээ.

Тэдний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сард хэлэлцсэн. Нийслэлийн Прокурорын газар Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Э.Сумъяажаргал, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, С.Алтансүх, М.Амартүвшин, П.Энхсайхан, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Э.Бошигт, Д.Батмарта нарт Эрүүгийн хуулийн 17.6-2.3 дахь хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 12.1-2.10 дахь хэсгийн бүлэглэн хохирогчийг тохуурхан доромжилж, хүчиндсэн, 20.3-1, 20.3-2-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 11.1-2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх дээрх 16 хүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил найман сар, Л.Алтанхуягт 16, Б.Ууганзаяад 9, Э.Сумъяажаргалд 7, А.Бадамсэрээжид, Н.Батцэнгэл, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл нарт 6, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар нарт 5, П.Энхсайханд 4 жил 6 сар, Д.Батмарта, Э.Бошигт нарт 1 жил хорих ял оноосон. М.Амартүвшинд нэг жил тэнсэн харгалзах, С.Алтансүхэд нэг жил хоёр сарын хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ.

Тэд үүнийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн, УДШ-д хандсан юм. Дээд шүүх үүнийг хүлээн авч, хэлэлцэхээр болж байна.

0/1000