horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Хариуцлагагүй байдлыг урамшуулагч ТӨР

post-img

“Чөлөөт зах зээл хариуцлагагүй байдлыг шийтгэдэг бол төр харин хариуцлагагүй байдлыг урамшуулдаг” гэж  либертари үзэлтэн, улстөрч Харри Браун хэлжээ. Түүний үгийг Монголын төр алхам тутамдаа баталж байна. “Битгий ажил хий, чамд бэлэн мөнгө өгье”, “Зээл ав, тэглээд өгье”, “Авсан зээлээ битгий төл. Хар түүхийг нь арилгаад өгье”, “Зуухаа солиогүй бол шинийг аваад өгье”, “Торгуулиа төлөлгүй явж л бай. Удахгүй өршөөе”.

Дэндүү өгөөмөр гэмээр төрийн хайр хишгийн буянаар өнөөдөр хариуцлагүйчүүд нь завшиж, харин хичээсэн нь, татвараа төлсөн нь, цахилгаанаар халаалтаа шийдэж, утаагаа бууруулсан нь “хохирч” үлдэж байна. Одоо яая гэх вэ. Монгол төрийн байгаа нь л энэ.

Хамгийн сүүлийн жишээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Х.Нямбаатар Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “Нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож буй автомашины жолоочид эхний удаа сануулах, дараагийн удаа журамлах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ шийдвэр хэрэгжсэнгүй. Мөн “Торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй” хэмээн мэдэгдсэн ч бас л таг чиг. Улаанбаатар хотын хэмжээнд 100 удаагийн торгуулиа төлөөгүй 500 мянган жолооч, 3-10 удаагийн торгуулиа төлөөгүй 300 мянган жолооч автозамын хөдөлгөөнд оролцон, ачаалал нэмж байна.

2021 онд жолооч нарт оногдуулсан 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөх Засгийн Газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг одоогийн хотын дарга, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын байнгын хороодод танилцуулж байв. Түүнийг жолооч нар санагалзан, “Хэрвээ энэ торгуулиа төлөхгүй, дараагийн сонгуулийн цикл хүргэчихвэл бараг тэглэчих байх даа” хэмээн ярих нь чих дэлсэнэ. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг. Хариуцлагагүй байдлыг нь дэмжсээр, урамшуулсаар байтал “Хорооноос ажил олоод өгвөл хийнэ дээ” гэх хүн сүргийг аль хэдийнэ буй болгожээ.

Нийслэл Улаанбаатар хотод зуух нь салаад унах гэж буй 84.000 айл байгааг хотын дарга хэлэв. Эдгээр айлын зуухыг солиход, 28 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Иргэн Бат зуухаа янзлаагүйг төр урамшуулж, миний төлсөн татвараас шинэ зуух авч өгөх нь хэр шударга вэ ?

Гэтэл эрчим хүчний үнэ 11 дүгээр сараас хоёр дахин нэмэгдчихлээ. Нийслэлийн нэг ч гэсэн янданг цөөлье гэж цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын эрчим хүчний төлбөр хоёр дахин нэмэгдэв. Иргэн Ц-ийнх байшингийн халаалтаа 100 хувь цахилгаанаар шийджээ. Тэдний цахилгааны төлбөр сард дунджаар 400 мянга гардаг байсан бол 11 сарын хэрэглээний төлбөр 815 мянган төгрөг гарсан байгааг уншигч та харж байна. Тэднийх навсархай зуухгүй учраас ийнхүү цахилгааны мөнгөө төлөхөөс аргагүй байдалд оров.

Иргэн Ц-ийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл

Хариуцлагагүй байдлыг урамшуулдаг дараагийн урамшуулал бол “Хар жагсаалт”. Уг нь зээл гэдэг хариуцлага, сахилга бат юм. Найдвартай зээлдэгч байна гэдэг бусад улсад бол ямар ч гавьяа шагналаас илүү үнэтэй. Аргагүй ч үгүй биз. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдвартай гарт өгөх ёстой шүү дээ. Харин манай улсад зээлээ хугацаанд  нь төлөөгүй буюу санхүүгийн сахилга батгүй иргэдийг Төв банк 100 жилээрээ өршөөлд хамруулж, бэлэг барив. Хуруу хумсаа хугалж хугацаандаа зээлээ төлдөг иргэд “Ээ, мэдсэн бол төлдөггүй л байж” хэмээн амаа барив.  

“Хэн чамайг торгуулиа хугацаанд нь төл гэсэн юм”, “Хэн чамайг шударгаар татвар төлж, хүмүүс цалинжуул гэсэн юм”, “Хэн чамайг ажил хий гэсэн юм. Хохь нь ээ” гэх төрийн шийдвэр хариуцлагачүүдийг улам л олшруулсаар, бас давраасаар….  

0/1000