horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Цонхоороо яндан гаргаж, зууханд гал түлэхгүйн тулд

post-img

Цахилгаан тасарвал лаа барьж, гаазын зуухан дээр хоолоо хийн, аргалж байна. Дулаан тасарвал яах вэ? Цонхоороо яндан гаргаад, зууханд гал түлэх үү? Ийм эрсдэл Улаанбаатарын орон сууцны айлуудад нүүрлээд 10 жил болов.  

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2024-2025 онд 1, 2, 3-р Дулааны цахилгаан станц, Амгалан дулааны станцаас дулаан авч, 30 км урттай 15 магистраль шугам болон даралт өргөх насосны 10 станцаар дамжуулан, 13.500 гаруй барилга, байгууламжийг хангаж байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 13.500 гаруй барилга, байгууламжид энэ өвөл 3558.1 Гкал/ц дулаан шаардлагатай гэсэн тооцоог тус компани хийжээ. Гэтэл дулааны станцууд цагт 2418 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үүнийг станц бүрээр харуулбал:

  • ДЦС-2 60 Гкал/цаг;
  • ДЦС-3 585 Гкал/цаг;
  • ДЦС-4 1373 Гкал/цаг;
  • Амгалан дулааны станц 400 Гкал/цаг;

Эдгээр 4 станц нийлээд, цаг тутамд хүчин чадлаасаа 1140.1 Гкал дулаан илүү үйлдвэрлэж, ачааллаа 60%-иар хэтрүүлэн ажиллаж байна. 2015 оноос эхлэн станцууд суурилагдсан хүчин чадлаас илүү их дулаан үйлдвэрлэх шаардлагатай болж, ачааллаа жилээс жилд хэтрүүлсээр ирлээ. Тэгэхгүй гэвэл Улаанбаатарын оршин суугчид хөлдөх болно. Хэтрүүлсээр байвал хэзээ станц доголдохыг чөтгөр л мэдэх байх. Дэлбэрэх ч магадлалтай.    

Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж буй дулааны хэмжээ

  • 1990 он – 1252 Гкал/цаг
  • 1995 он – 1571 Гкал/цаг
  • 2000 он – 1639 Гкал/цаг
  • 2005 он – 1817 Гкал/цаг
  • 2010 он – 2132 Гкал/цаг
  • 2015 он – 2352 Гкал/цаг
  • 2020 он – 3107 Гкал/цаг
  • 2023 он – 3374 Гкал/цаг
  • 2024 он – 3558 Гкал/цаг

Жил бүр Улаанбаатар хотод 300-500 барилга, байгууламж сүндэрлэдэг. Ийм тооны барилгыг жил бүр дулааны шугам сүлжээнд холбоход, станцууд нэмж 150-200 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх  шаардлагатай болж байна. Үүний нөлөөгөөр дулааны хэрэглээ жилээс жилд 3-5% нэмэгдэж байгаа аж. Үүнийг доор харуулъя.

  • 2019-2020 он – 617 барилга, хэрэгцээт дулаан 233.2 Гкал/цаг
  • 2020-2021 он – 598 барилга, хэрэгцээт дулаан 235.1 Гкал/цаг
  • 2021-2022 он  -598 барилга, хэрэгцээт дулаан 193 Гкал/цаг
  • 2022-2023 он – 437 барилга, хэрэгцээт дулаан 166.7 Гкал/цаг
  • 2023-2024 он – 363 барилга, хэрэгцээт дулаан 147.9 Гкал/цаг

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай ШШГЕГ-ын ажилчдын байр 2023 оны 12 дугаар сард 3 хоног халаалтгүй болж, оршин суугчид осгох шахсан удаа бий. Өнгөрсөн намар буюу 2024 оны 9-р сарын 15-нд хэрэглэгчдэд дулаан нийлүүлснээс хойш 30 гаруй байршилд шугам сүлжээтэй холбоотой гэмтэл гарчээ. Үе үе халуун ус тасраад ирэхдээ бөөн зэв гоождог нь шугам сүлжээ гэмтсэн, түүнийг зассаны тэмдэг юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 20 гаруй машин, механизм, 380 орчим ажиллагсадтайгаар өнөө жил Улаанбаатар хотын иргэдийг дулаан байлгахаар ажиллаж байгаа ч тэднээс бүрэн шалтгаалахгүй. Улаанбаатар хот дулааны нийт 370 км урт шугам сүлжээтэй. 2024 оны байдлаар нийт дулааны төв шугамын 18.5% буюу 70.8 км нь 30-60 жил ашигласан, ашиглах хугацаа дууссан байв. Аль шугам хаагуураа хэзээ задрахыг хэн ч мэдэхгүй.

Энэ өвөл 3558.1 Гкал/ц дулаан шаардлагатай. Үүн дээр дулааны шугам сүлжээнд холбуулан, 519.42 Гкал/ц дулаан авахаар хүлээж байгаа хэрэглэгчдийг нэмбэл 4077.5 Гкал/цаг дулаан шаардлагатай. Эдгээрт дулаан өгвөл ачаалал 1659.5 Гкал/ц буюу 69%-иар хэтэрнэ. Ийм их ачааллыг хуучирсан станцууд хэдий болтол тэсэх юм бол?  

Дулааны станцСуурилагдсан хүчин чадал Гкал/цагХолбогдсон дулаан Гкал/цНэмж холбох дулаан Гкал/цӨргөтгөл Гкал/ц
Амгалан400583.767.75 
ДЦС-260101.310.4340
ДЦС-336068578.15300
ДЦС-413731370156.3180
Нийт24183373.7519.42820

Эдгээр станцыг яаралтай өргөтгөх, шинэчлэх арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын орон сууцны айлууд зах дээр зуух, янданд оочирлох, цонхоороо яндан гаргаж, зуухаар гэрээ халаах магадлал энүүхэнд байна. Станцууд яаж ийгээд 10 жил тэсжээ. Аливаа зүйлийг тамтаг болтол нь ашигладаг зангаараа монголчууд 10 жил болгосоор, аргацаасаар ирлээ. Цаашид дахиад хэдий болтол аргацаахыг бүү мэд. Дулааны 3 цахилгаан станцаа өргөтгөж, шинэчилбэл цагт 820 Гкал дулаан нэмж үйлдвэрлэнэ. Монголчуудын өнөөгийн хэрэгцээг хангахгүй гэсэн үг.

Зайсан орчимд төлөвлөсөн ачаалал 99.45 Гкал/ц-аар хэтэрчээ. Тийшээ дулаан хүргэдэг 2400 мм голчтой шугам ийм их дулааныг нэвтрүүлж чаддаггүй. ДЦС-3 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадал ч хүрэлцэхгүй болсон. “Иймд ДЦС-3 ТӨХК-ийг 3112 Гкал/ц дулаан үйлдвэрлэдэг болгож өргөтгөх хүртэл Зайсан орчмыг дулаанаар хангах боломжгүй. Энд шинээр барилга барихыг зогсоох шаардлагатай” гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” компани үзэж байна. Зайсан газарзүйн байршлын хувьд дулааны станцаас 1336-1375 метр өндөрлөг газар тул дулаан хүргэхэд хүндрэлтэй цэгт тооцогддог ажээ. Үүнээс болоод хүйтний улиралд энэ хавийн хэрэглэгчид байнга дулаан хангамжийн талаар гомдоллодог юм байна.

Үүн шиг ачаалал нь хэтэрсэн, дулаанаар хангахад төвөгтэй газар нийслэлд нэлээд байна. Тухайлбал: Нисэх орчимд төлөвлөлтийн ачаалал 112.71 Гкал/ц, “Жаргалан” хотхон ,120 мянгат орчимд төлөвлөлтийн ачаалал 121.21 Гкал/ц-аар хэтэрчээ. Энд ч нэмж барилга барих боломжгүй, баривал хангах дулаан байхгүй гэсэн үг.

Гэтэл агаарын бохирдлыг багасгахын тулд гэр хорооллыг суллаж, газар дээр нь орон сууц барих шаардлагатай. Тэнд барьсан орон сууцанд бас л дулаан хэрэгтэй.  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 136 нэгж хорооллыг дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор нийслэлийн ЗДТГ төлөвлөжээ. Үүнд 1639 Гкал/ц дулаан шаардлагатай. Төвлөрсөн шугам сүлжээнээс зайдуу ийм хэрэглэгчдийн дулааныг хэсэгчилсэн болон бие даасан эх үүсвэрээр шийднэ. Ийм байдлаар шинэ хорооллуудыг 1132 Гкал/ц дулаанаар хангах юм байна. Гэсэн ч цаана нь 507 Гкал/ц дулаан дутаж байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд уурын зуухнуудыг зогсоож, дулааны шугамд ойрхон барилгуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбож байна. Энэ нь дулааны ачааллыг бас л нэмж байгаа юм. Энэ мэтчилэн Улаанбаатарын нэг асуудлыг шийдэх гэхээр нөгөөд нь асуудал үүсэж байна. “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” гэдэг үг манай нийслэлд зориулагдсан юм биш үү?

0/1000