Холливудын жүжигчин Обри Плазагийн нөхөр, “The Little Hours”, “Life After Beth”, “Joshy” зэрэг киногоороо алдартай найруулагч Жефф Бэена 47 насандаа таалал төгссөн байна. Тэрээр амиа егүүтгэсэн бөгөөд түүний цогцсыг орон нутгийн цагаар 1-р сарын 3-ны өглөө Лос-Анжелес хот дахь гэрээс нь олжээ.
Лос Анжелес хотын тойргийн шүүх эмнэлгийн шинжээч Жефф Бэенагийн үхлийн шалтгааныг амиа хорлолт хэмээн тогтоосон байна.
Найруулагч Жефф Бэена нь Нью Йоркийн их сургуулийг найруулагч мэргэжлээр төгсөж, улмаар кино үйлдвэрлэлийн салбарт хөл тавихаар Лос-Анжелес руу нүүж байсан ажээ. Тэрээр алдарт найруулагч Роберт Земекис, Дэвид О’Расселл нарын доор кино продакшны багт орж ажиллаж байсан бөгөөд дараа нь хувийнхаа уран бүтээлийг эхлүүлж байжээ.
Жефф Бэена найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “Life after Beth” киногоо 2014 онд нээж байсан ба багагүй амжилт үзүүлсэн уг кинонд түүний эхнэр Обри Плаза тоглож байсан юм. Хосууд үргэлжлээд хэд хэдэн уран бүтээлд хамтран ажилласан байдаг. Тэд 2020 онд гэрлэж байсан бөгөөд жүжигчин Обри Плаза нөхрийнхөө үхлийн талаар одоогоор хараахан олон нийтэд мэдэгдэл хийгээгүй байна.
Жефф Бэенагийн ар гэрийн зүгээс тэдэнд тохиолдсон энэ хүнд хэцүү цаг үед тайван байлгахыг хэвлэл мэдээлэл болон олон нийтээс хүссэн байна.