horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

116 настай Бразилын гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо

post-img

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Япон улсын иргэн, 116 настай Томико Итока өнгөрсөн 12-р сарын 29-ний өдөр Ашияа хот дах ахмадын асрамжийн газарт нас барсныг өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна. Ийнхүү Томико Итока агсны нас барсантай холбоотойгоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр өдгөө 116 настай Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас тодроод байна.

Түүнийг өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг АНУ-ын Геронтологийн судалгааны групп болон LongeviQuest байгууллагын зүгээс албан ёсоор тодруулжээ. LongeviQuest хэмээх байгууллага нь дэлхийн 100 ба түүнээс дээш настай хүмүүсийг бүртгэдэг байгууллага ажээ.

Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас нь 1908 оны 6-р сарын 8-ны өдөр Бразилын өмнөд нутгийн нэгэн өнөр гэр бүлд төрж байсан бөгөөд өсвөр наснаасаа шашны үйл хэрэгт хүчин зүтгэж эхэлсэн ажээ. Түүний 110 насны төрсөн өдрөөр Ромын Пап Францис хүндэтгэл үзүүлж байснаас гадна тэрээр 118 насандаа таалал төгссөн Люсил Рандоны дараа бичигддэг дэлхийн хамгийн өндөр настай гэлэнмаа юм байна. Тэрээр хөл бөмбөгийн шүтэн бишрэгч ба нутгийнх нь Inter хэмээх хөл бөмбөгийн клуб жил бүр түүний төрсөн өдрийг тэмдэглэдэг гэнэ.

Ина Канабарро Лукас өөрийнхөө өндөр насласан нууцыг католик шашны итгэл үнэмшилтэйгээ холбон тайлбарласан байна. Тэрээр дэлхийн хамгийн өндөр насласан хүмүүсийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байгаа бол уг жагсаалтыг 1997 онд 122 насандаа таалал төгссөн Францын иргэн Жеанна Калмент тэргүүлдэг байна.

Харин иргэд нь урт насалдаг улс орнуудын жагсаалтыг 54 жил дараалан Япон улс тэргүүлээд байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 100-аас дээш настай 95 мянга гаруй хүн амьдарч байгаагийн 90% нь эмэгтэйчүүд ажээ. Түүнчлэн Япон улсын 100-аас дээш настай хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгддэг ба жил бүр 4000 гаруй хүн 100 нас хүрдэг гэсэн тоо байдаг байна.

0/1000