Удахгүй дахин АНУ-ын тэргүүн хатагтай болох гэж байгаа Меланиа Трампын тухай өгүүлсэн баримтат киног Amazon компани бүтээхээр болсон байна. Тус компанийн стрийминг үйлчилгээний Prime Video платформын хэрэгжүүлж буй дээрх төслийн ерөнхий продюсерээр хатагтай Трамп өөрөө ажиллахаар болсон бөгөөд баримтат кино оны сүүлээр гарахаар товлогджээ. Amazon компанийн зүгээс уг баримтат кино төслийг эхлүүлж байгаагаа зарлаж, “үнэхээр гайхамшигтай түүх”-ийг өгүүлэх болно хэмээн тодорхойлсноос өөр дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй байна.
Хатагтай Меланиа Трамп болон Д.Трамп нар энэхүү баримтат киноны талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийж, ам нээгээгүй байна. Кино төслийн үйл ажиллагаанд Меланиа хэрхэн оролцох нь тодорхойгүй байгаа ч ерөнхий продюсерээр ажиллана гэж зарласан нь түүнийг редакторын хэмжээнд төслийг хянана гэдгийг илтгэж байгаа юм.
Баримтат киноны найруулагчаар Бретт Ратнер ажиллах ба төслийн зураг авалт 2024 оны 12-р сард эхлээд байгаа бол 2025 оны хоёр дах хагасын сүүлээр кино театрууд болон Prime Video платформд нээж цацна гэдгийг Amazon компаниас мэдэгджээ. Энэхүү төсөл нь өнгөрсөн оны 10-р сард намтар номоо хэвлүүлэн гаргасан хатагтай Трампын дараагийн медиа төсөл болж байна. Түүний “Melania” хэмээх намтар номыг New York Times болон Amazon-ы зүгээс хамгийн өндөр борлуулалттай, бестселлер номоор нэрлэсэн юм.