Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ амны хөндийн болон бөөр, шээсний замын халдвар авч, идээт үрэвсэл үүсвэл тэр нь амархан хүндэрч, үжил үүсгэдэг. Жирэмсний хяналт, ариун цэвэр муу байгаа нь үүний гол шалтгаан болж байгаа аж. Эх, нярайн эндэгдэл буурч байна. Гэвч сүүлийн 3 жилд эндсэн нийт эхийн 30-40 хувийг үжлээр нас барсан эх эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт гэж эмч мэргэжилтнүүд үзэж буй.
Одоогоос 10 жилийн өмнө 20 орчим настай эмэгтэй 7-8 долоо хоногтой ураг тээж байхдаа хөмсөг орчимд гарсан хатгийг зүүгээр хатгаснаас болж, үжил халдвар авчээ. Тухайн эмэгтэй 5 хоногийн дараа халуурч, эмнэлэгт хандахад, уушгинд нь буглаа үүссэн байжээ.
С.Амармандах: Бөөр, шээсний зам болон гүйлсэн булчирхайн үрэвсэл, хатиг, буглаа нь үжил халдвар үүсэх шалтгаан болж байна
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах “Үжлийн шооктой хэрхэн тэмцэх талаар ЭХЭМҮТ-өөс үжлийн эмнэл зүйн аудитын судалгаа хийж байгаа. Судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулж, зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Олон улсад үжил халдвараас шалтгаалах эхийн эндэгдлийг 60-70 хувиар бууруулсан жишиг байдаг бол манайх 40 хүртэлх хувиар бууруулах боломж бий. Эх барихын бус шалтгаантай эх, ургийн эндэгдлийг цөөлөхийн тулд жирэмслэх насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх шаардлагатай” хэмээв.
Үжил халдварыг эх барих үе болон жирэмсэн байх үеийн гэж ангилдаг байна. Тэгвэл сүүлийн үед жирэмсэн байх үеийн хяналт алдагдсанаас энэ төрлийн халдвараар өвчлөх нь нэмэгджээ. Өөрөөр хэлбэл: Жирэмсний хяналтдаа цаг тухайд нь ордоггүй, хожим хяналтдаа орох, бөөр, шээсний болон бэлгийн замын халдвар, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг нь үжил халдвар үүсгэх зонхилох шалтгаан болж байгааг эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
2024 онд эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлт тутамд 22 байв. Үүнийг 2050 он гэхэд 15 болгон бууруулах бодлого барьж байгаа аж.