УИХ-ын аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хэт хараат байж үйлдвэрлэгчид, иргэдийг зүдрээж байгаа асуудал хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийн 49-р зүйлд шүүх, хууль хяналтын байгууллага зөвхөн хуульд захирагдана гэсэн заалт буй. УИХ-ын байнгын хорооны даргын хувьд өнгөрсөн хугацаанд надад маш олон өргөдөл гомдол ирсэн. Энэ ч үүднээс миний бие хууль хяналтын байгууллага хараат бус ажиллаж байгаа эсэх асуудлаар хяналтын сонсгол хийнэ” гэж мэдээллээ.
Тэрбээр хяналтын сонсгол хийхийн тулд УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулах гэнэ. Мөн хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд халдах ямар ч бодолгүй гэдгээ хэлээд зөвхөн баталсан хууль хэрэгжих явцад улстөрчдийн нөлөөлөл, захиалга орж бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдэд дарамт учруулж байгаа эсэхийг л УИХ-ын гишүүд хянах учиртай гэдгийг тодотгосон юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “энэхүү хяналтын сонсголыг хийснээр том улстөрчдийн занаанд орж болзошгүй учир миний үзэл санааг хамгаалаарай” гэдгийг энэхүү хурлынхаа үеэр онцолж байв.