Мягмар гарагт Төвдөд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 126 хүн амь үрэгдэж, 188 хүн бэртэж гэмтэн, 3600 гаруй байшин барилга эвдэрч сүйдээд байгаа талаар Хятадын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна.
Түүнчлэн тухайн хэсэгт цахилгаан болон ундны усны тасалдал үүсчээ. Маш хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ хөрш зэргэлдээх Балба болон Энэтхэг улсын зарим нутагт мэдрэгджээ. Хятадын хэвлэлээр газар хөдлөлтийг 6.8 магнитудын хүчтэй гэж мэдээлсэн бол АНУ-ын Геологийн судалгааны газраас 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж өөрөөр мэдээлээд байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар мягмар гарагийн 09:00 цагаас Эверест оргилын доорх ариун гэгддэг Шигадзе хотод болсон байна. Шөнөдөө цельсийн -16 хэмийн хүйтэн хонож байгаа цаг агаарын хүнд нөхцөл байдалд томоохон хэмжээний эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлэн, байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагааг цаг хугацаатай уралдан явуулж байна.
Дэлхийн хамгийн өндөр Эверест оргилыг үзэх гэж жуулчдын олон зуугаараа зорьж ирдэг аялал жуулчлалын бүсийг газар хөдлөлтийн дараагаар хааж, битүүмжлэх арга хэмжээг авчээ. Төвдийн энэхүү бүсэд газар хөдлөлт элбэг тохиолддог хэдий ч энэ удаагийн газар хөдлөлт сүүлийн жилүүдэд тохиогоогүй их гарз хохирлыг дагуулаад байна. Хятадын агаарын зэвсэгт хүчний зүгээс аврах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр дронуудыг газар хөдлөлтийн бүс рүү илгээжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн аврах ажиллагааг бүх хүч чадлаа дайчлан явуулахыг холбогдох байгууллагуудад уриалж, хохирогчдын тоо хэмжээг багасгах, орон гэргүй болсон хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгджээ. Төвдийн бурхан шашны тэргүүн Далай Лам газар хөдлөлтийн дараагаар хийсэн мэдэгдэлдээ харамсч байгаагаа илэрхийлээд, амиа алдсан хүмүүсийн араас залбирч, бэртэж гэмтсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэн байна.