Facebook-ийн толгой компани болох Meta-гийн ерөнхий захирал Марк Цукерберг тус компанийн ТУЗ-ийн шинэ гишүүдийг танилцуулаад байна. Марк Цукерберг Meta компанийн ТУЗ-ийн гурван шинэ гишүүнийг танилцуулсан албан ёсны мэдэгдэл бүхий нийтлэлийг мягмар гарагт өөрийн Facebook хуудсандаа нийтэлжээ.
Тэрээр холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-гийн ерөнхийлөгч Дана Уайт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн томоохон компанийг эзэмшдэг тэрбумтан Жон Элканн болон технологийн салбарын зартай хөрөнгө оруулагч Чарли Сонгхёрст нарыг Meta-гийн ТУЗ-ын гишүүнээр сонгосон байна.
Барууны хэвлэлүүд Марк Цукербергийн энэхүү шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад тал зассан үйлдэл боллоо хэмээн мэдээлж байна. UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Д.Трамптай эртний холбоотой бөгөөд өнгөрсөн сонгуулиар Д.Трампыг дэмжиж оролцсон, түүний байнгын дэмжигч, сайн анд нөхөр юм. Ялангуяа сонгуулийн өмнө зохиогдсон UFC-гийн томоохон арга хэмжээнүүдэд Д.Трампыг урьж оролцуулан, залуусын саналыг авахад нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.
Марк Цукерберг мэдэгдэлдээ “Дана Уайт UFC-г дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, өндөр үнэлгээтэй, алдартай спортын компани болгон босгож чадсан, олон хүний дуртай брэндийг бий болгож чадсан түүний энтрепренерын ур чадварыг би үнэлдэг” хэмээн онцолсон байна. М.Цукерберг өөрөө ч холимог тулааны шүтэн бишрэгч төдийгүй чөлөөт цагаараа хичээллэдэг нөгөн бөгөөд 2023 онд тэрээр тэрбумтан Илон Масктай торонд орж тулалдахаар зөвшөөрч байсан ч дуулиан шуугиан болж байсан тэрхүү тулаан болоогүй билээ.
Харин Нидерландын хөрөнгө оруулалтын Exor компанийн гүйцэтгэх захирал, Stellantis болон Ferrari автомашины компаниудын тэргүүн Жон Элканны талаар М.Цукерберг хэлэхдээ “дэлхийн хэмжээний томоохон бизнесийг удирдах гүнзгий туршлагатай хүн бөгөөд манай ТУЗ-д олон улсын өнцөгийг авчрах болно” гэжээ.
Meta компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
- Марк Цукерберг – Meta ерөнхий захирал
- Пегги Альфорд (PayPal Holdings, Inc.)
- Марк Андрессен (Andreessen Horowitz)
- Жон Арнольд (Arnold Ventures)
- Жон Элканн (Exor)
- Дрю Хьюстон (Dropbox, Inc.)
- Нэнси Киллефер (McKinsey & Company)
- Хок И.Тан (Broadcom Inc.)
- Трэйси Т.Трэвис (The Estée Lauder Companies, Inc.)
- Дана Уайт (Ultimate Fighting Championship)
- Тони Шу (DoorDash, Inc.)
- Роберт М.Киммитт, Чарли Сонгхёрст нар багтаж байна.