Нийслэлийн хэмжээнд 3-10 удаагийн торгуультай 300,000 орчим, 100-гаас дээш удаагийн торгуультай 500 гаруй тээврийн хэрэгсэл байгаа аж.
Жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчлийн тухайд “Нийслэлд авто замын эгнээ байр буруу эзлэх, жолооны ард гар утас хэрэглэх, хамгаалах бүс, гэрлэн дохио зөрчих нь нийтлэг бол орон нутагт хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчил байдаг.
Жолооны ард гар утас хэрэглэж байгаа зөрчлийг камер болон цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар илрүүлдэг. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгодог” болохыг болохыг ТЦА-наас санууллаа.Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дүгээрт зааснаар олон удаагийн торгуультай болон замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг хасах шийтгэлийг нэмж, оногдуулж эхэлжээ. Энэ дагуу өнөөдрийн байдлаар буюу нэг сарын дотор 120 гаруй иргэн жолоодох эрхээ нэг жилээр хасуулжээ. Эдгээр жолоочийн торгуулийг төлүүлж, нэмэлтээр эрхийг хассан байна.
Үүнээс гадна жолооч торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх нөхөж авах, ангилал даруулах, ангилал нэмүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, үзлэг, оношилгоонд орох зэрэг төрийн үйлчилгээг хязгаарлаж байгааг мэдээллээ.Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад торгуулиа төлөөгүй байвал журмын хашаанд саатуулж, нэг хоногийн төлбөр 5,000 төгрөгийг буруутай этгээд бүрэн хариуцах хуулийн заалттай байна.