АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод асч байгаа ой хээрийн түймрийн улмаас наад зах нь 5 хүн амиа алдаж, 140 мянган орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Одоогийн байдлаар тухайн хэсгийн Палисэйдс, Ийтон, Хёрст, Вудли гэсэн дөрвөн байршилд хэдэн мянган акр бүхий томоохон талбайг хамарсан түймэр асч байгаа бөгөөд 1000 гаруй байшин, барилга аль хэдийн түймэрт шатаад байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Салхи болон хэт хуурай нөхцөл байдлаас шалтгаалан мягмар гарагт эхэлсэн хээрийн түймэр маш түргэн хугацаанд газар аван, хоёрхон хоногийн дотор томоохон газар нутгийг хамраад байна. Лос Анжелес хотын 1400 гаруй гал сөнөөгч түймрийг зогсоохоор ажиллаж байгаа ч эрх баригчдын зүгээс усны нөөц багассан, мөн энэхүү түймрийг хяналтанд авах боломж бололцоо хомс байгаа талаар мэдээлжээ. Тус хотын түүхэн дэх хамгийн их гарз хохирол учруулсан түймэр болоод байгааг мөн албаныхны зүгээс хэлж байна. Дээр дурдсан дөрвөн тойрогт асч байгаа түймэр нийт 107 шоо дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг хамтран асч байна. Тэдгээрээс хамгийн том хэмжээний түймэр далайн эргийн бүсийн хавиар асч байгаа Палисэйдс тойргийн түймэр бөгөөд хэр их хэмжээний газар нутгийг хамран асч байгааг харуулахын тулд Нью Йорк (Манхэттэн, Бруклин дүүргүүдийн хэмжээтэй дүйцэх) болон Лондон (Лондоны төвийн хэсэгтэй дүйцэх) хотуудын газрын зурагтай харьцуулсныг доорх зурган дээр харж болно.
Түүнчлэн Nasa-гийн Earth Observatory хиймэл дагуулаас авсан зургаас Палисэйдсын түймрийн томоохон хэмжээний утаа харагдаж байна.