Шинэ он гармагц нийт жолооч нартай холбоотой олон шийдвэрүүд гарч бухимдал үүсгэв. Тухайлбал, тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч албан татварыг 3 дахин, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж төлөх хуулийн заалт хэрэгжиж эхлэв. Гэтэл үүн дээр дахин жолоочийн хариуцлагын даатгал 700 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн талаар олон нийтийн сүлжээнд иргэд мэдээлсэн.Тэгвэл энэ асуудлаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал дараах тайлбарыг хийлээ.
“Нэгдүгээрт 700 мянга гэдэг бол хамгийн өндөр буюу C, D ангилалтай жолооч, хуулийн этгээд мөн зам тээврийн осол гаргасан жолооч нарт тооцогдох дүн байх. B ангиллын иргэний авто тээврийн хэрэгсэл өмчлөгчтэй, өмнө нь ямар нэгэн зам тээврийн осол гаргаагүй бол даатгалд яагаад ч 700 мянган төгрөгийн төлбөр төлөхгүй. Жолоочийн хариуцлагын даатгал итгэлцүүр өөрөө хуульд үндэслээд суурь хураамжийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах нөхцөлтэй журам үйлчилдэг. Тухайн даатгалын сан хохирлыг барагдуулах боломжгүй үед үйлчилнэ. Уг хууль нь 2011 онд батлагдсан. Тухайн үеийн мөнгөний үнэ цэнээр батлагдсан. Тиймээс тухайн үеийн 33 мянган төгрөгийн хураамжаар өнөөдрийн 36-38 тэрбумыг төлөх боломж бидэнд байхгүй. Итгэлцүүрийн журамд осол, зөрчил их гаргаж байгаа жолоочийг хариуцлагжуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн жил 25 мянган зам тээрийн осол, зөрчил бүртгэгдсэн.
Иймд зохицуулалт хийхгүй бол даатгалын санг ажиллуулахад хүндрэлтэй байгаа” гэлээ.
Нийслэлд зам тээврийн ослын 90 гаруй нь хувь нь бүртгэгддэг байна. Ковид-19-ийн өмнө хохирлын хэмжээ 600-700 мянган төгрөг байсан бол одоо 1.2 сая төгрөг төлдөг болсныг онцолсон юм.