Олон улсын хэмжээнд кибер орчинд гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, үйлдлийн арга хэлбэр нь илүү олон болж байгаатай холбоотойгоор манай улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж буй. Тухайлбал өнгөрсөн 2024 оны 07 дугаар сараас эхлэн нийт залилах гэмт хэргийн дийлэнх хувийг Телеграм аппликейшн ашиглан үйлдсэн байх бөгөөд 45 хоногт 6.1 тэрбумын хохирол учирчээ. Телеграм аппликейшн ашиглан “Цагийн ажил хийж орлоготой болоорой” гэх зарын дагуу даалгавар биелүүлэх, зар сурталчилгаа байршуулах зэрэг цахим ажлын санал тавих зарчмаар дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг аж.
Хохирогчдын 90 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой байгаа бол 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ. Иймд иргэд цахим залилах гэмт хэргийн талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, баталгаатай, найдвартай мэдээлэл эсэхийг шалгаж нягталсны дараа танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэхийг санууллаа.