Нийслэлийн гэр хорооллын 1 өрхийн хог хаягдлыг сард 2.500, орон сууцны хорооллын айлынхыг 2.000 төгрөгөөр ачдаг. Энэ тарифыг 2006 оноос мөрдөж иржээ. Түүнээс хойш цалин хөлсний хэмжээ 12.4 дахин нэмэгдэж, хог тээвэрлэх үйлчилгээ явуулж буй тээврийн хэрэгслийн шатахууны үнэ 4 дахин нэмэгдсэн тул хог ачих хөлсийг зах зээлийн үнэ ханштай нийцүүлэн нэмэх шаардлагатай гэж үзэн, ижилхэн 8.000 төгрөг болгосон гэдгийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан хэллээ.
Дүүрэг хог тээвэрлэлтийн хураамжаас бүрдсэн мөнгийг хог ангилан ялгах, хог тээвэрлэлтийг багасгах ажилд зарцуулах ёстой байдаг байна. Гэвч хог ачилтаас бүрдсэн мөнгө тээвэрлэлтийн зардлын 30 хувьд хүрдэггүй гэдгийг тэр онцоллоо. Үндсэндээ нэг айлаас жилд 1432 кг хог гардаг. Үүнийг төвлөрсөн хогны цэгт хүргэхийн тулд жилд 110 мянган төгрөг зарцуулдаг байна. Гэтэл гэр хорооллын нэг өрх жилд 30.000 төгрөгөөр хогоо ачуулдаг.
Хэрэв та хог хаягдлын зардалд жилд 30.000 төгрөг төлдөг байсан бол энэ оноос 96 орчим мянган төгрөг төлөх юм.