Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгосон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар буюу 5.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.
Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл, тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчил илрүүлжээ.
Тухайлбал:
-Сайдын тушаалд заасан хугацаанаас хэтрүүлэн, санхүүжилт олгосон,
-Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,
-Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,
-Сайдын тушаалд заасан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн.