horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Ж.Картер агсны оршуулгын ёслолын үеэр АНУ-ын 5 Ерөнхийлөгч уулзжээ

post-img

Өнгөрсөн долоо хоногт 100 насандаа таалал төгссөн АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Ж.Картер агсантай салах ёс хийж, эцсийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол пүрэв гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотын Үндэсний Катедрал сүмд зохион байгуулагдлаа. Оршуулгын ёслолд АНУ-ын одоогийн болон өмнөх гээд 5 Ерөнхийлөгч оролцов. АНУ-ын Төрийн тэргүүн Ж.Байден, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп, Экс Ерөнхийлөгч нар болох Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар эхний эгнээнд хамт сууцгаалаа. Өнгөрсөн 11-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампад ялагдсан АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис сонгуулиас хойш Д.Трамптай энэ үеэр анх удаа нүүр тулсан байна.

Америкийн хэвлэлүүд Д.Трамп, Б.Обама нарын хоорондоо ярилцан, инээлдэж байгаа агшинг дүрс бичлэг болон гэрэл зургийн хальсанд буулгаснаа онцлоод байна. Д.Трамп эхнэр Меланиатайгаа энэ ёслолд оролцсон бол Мишель Обама оршуулгын ёслолд ирсэнгүй. Эх сурвалжууд түүнийг Хавай мужид гэр бүлийнхээ хамт байгаа талаар мэдээлжээ.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн Д.Трампад ялагдсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нөхрийнхөө хамт ирсэн бол Дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс, Эл Гор, удахгүй уг албан тушаалыг гүйцэтгэх Ж.Д.Вэнс, конгрессын гишүүд зэрэг төр, засгийн зүтгэлтнүүд олноороо ирж, Жимми Картер агсны оршуулгад оролцлоо.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело де Суса, Нидерландын гүнж Мэйбл нар ирж, Ерөнхийлөгч агсанг эцсийн замд нь үдсэн байна.

Сүмийн индэр дээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденаас эхлээд олон хүн үг хэлж, Жимми Картертай салах ёс гүйцэтгэсэн байна.

0/1000