–Хуулийн төслөөс та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ ?
-Өнгөрсөн жилүүдэд авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин туйлын хүнд байсан. Хууль баталж авлигачдыг өршөөдөг байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон хүмүүсийг өршөөж байсан. Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн. Албан тушаалтнууд гэхээр баян хүмүүс гэх ойлголт буй болсон. Эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдээс хавьгүй илүү амьдралтай, төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүс олширсон. Яах вэ гэдэг асуулт гарсан. Судлаачийн хувьд би өнгөрсөн хоёр жилийн турш энэ асуудлыг ярьсаар л байлаа. Удалгүй хамтарсан засгийн газар байгуулагдаж шударга ёсны тэмцэлд ахиц гарч энэ хуулийн төслийг боловсруулсан юм.Бидний хүсээд байгаа зүйл юу вэ гэхээр өнгөрсөн он жилүүдэд өршөөлийн хуульд хамрагдаж ямар нэгэн байдлаар өөрийгөө хаацайлж хамгаалсан нөхдөд эрүүгийн хариуцлага ярих боломжгүй юм гэхэд тэднээс хураах ёстой хөрөнгийг нь хураая гэж байгаа юм. Цаашид нийтийн албан тушаалтнууд, төрийн өндөр албан тушаалтууд өөрсдийнхөө ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя гэсэн зарчмыг л баримталж байна. Мөн эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих буюу хууль бусаар хөрөнгөж буй зүй заалт, цаашилбал авлигын гэмт хэргийг углуургаар нь таслан зогсооё, дахиж авлигын гэмт хэрэг гарахад юун түрүүнд хөрөнгийг нь хураадаг нөхцөлд аваачъя гэж байгаа юм. Хураасан хөрөнгийг нь боловсрол эрүүл мэндийн төслүүдэд зарцуулдаг байя гэсэн зорилготой хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл боловсруулах үйл явц хэр хугацаанд үргэлжилсэн бэ ?
Хуулийн төсөл боловсруулах үйл явц хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бид нар хэд хэдэн улсад очиж туршлага судаллаа.Хуулийн байгууллагынхны саналыг тусгасан.Төлөөний хүн гэх ойлголтыг бид эрүүгийн хуульд шинээр оруулж ирье гэж ярьж байна. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр албан тушаалтнууд тендер авахдаа, хууль бус зүйл хийхдээ дандаа нэг хүн явуулдаг. Дунд сургуулийн найз ч гэдэг юм уу. Шууд утгаараа хамаарал байна уу гэхээр үгүй. Тэр хүмүүс өмнөөс нь тендерийг нь аваад гарын үсэг зураад яваад байдаг. Шалгая гэхээр шалгаж болдоггүй. Ийм л учраас төлөөний хүн гэх ойлголтыг оруулж ирье гэж байгаа юм. Мөн завшсан мөнгөө үрсэн бол буцааж нөхөн төлүүлэх заалт хуулийн төсөлд орсон.
Хуулиар далайлгаад гэмгүй хүн хэлмэгдүүлэх асуудал үүсэх вий дээ ?
Та төрийн албаар дамжин хөрөнгөжөөгүй л бол хувийн хэвшилд хумхын тоосны дайтай бүү ойрт гэх бодлого барьж байгаа. Хувийн хэвшилтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Авлигаар олсон хөрөнгөө хүүгийнхээ нэр дээр бичээд 600 сая төгрөгийн үнэтэй жип хаус аваад өгчихсөн бол бид хураахаас өөр аргагүй шүү дээ. Харин энийг мушгиад гэмгүй хүний хөрөнгийг хураах гэж байна гэж тайлбарлаж байна.Хуулийн зарчим гэж буй. Хүний эрх эрх чөлөөг бид хүндэтгэнэ. Төрд хохирол учруулсан л бол төлөх ёстой.
–Хуульд тодорхой хэмжээнд тусчихсан байгаа асуудлыг заавал тусгайлсан хууль болгох шаардлага байгаа юу ?
-Хөрөнгө хураахтай холбоотой ганц заалт авлигатай тэмцэх тухай хуульд буй. Яаж хураах, хэн хийх нь тодорхойгүй. Ямар журмаар хөрөнгийг хайж эрэн сурвалжлах вэ гэдэг нь тодорхойгүй. Хууль байгаа гэж буй хүмүүс энэ хууль “ажиллахгүй” 23 жил болсон гэдгийг огт ярихгүй байна. Ингээд л байлгаж байх хүсэлтэй байгаа юм. Хэрвээ бид хууль байгаа гээд орхих юм бол дахиад 20-30 жил хэрэгжихгүй. Жишээ нь БНСУ-д яг адилхан хууль хэрэгжиж л байна.