Малайз улсын Засгийн Газар иргэний нисэхийн түүхэнд хамгийн учир битүүлэг байдлаар сураггүй болсон МН370 дугаарын нислэгийн онгоцыг эрэн хайх ажлыг сэргээхээр зөвшөөрсөн байна. Малайз улсын Тээврийн сайдын мэдээлснээр, Энэтхэгийн далайн өөр хэсгээр энэ онгоцыг хайх юм байна. Эрлийг сэргээхээр далайн гүнд хайгуул хийдэг “Ocean Infinity” пүүсийн тавьсан саналыг тус улсын Засгийн Газар зөвшөөрчээ. Уг онгоцны үлдэгдлийг эрэн хайх ажлыг энэ пүүс хамгийн сүүлд 2018 онд зохион байгуулсан байдаг.
Энэ удаад бүх зүйл нааштай байж, онгоцны сэг зэмийг олж, хохирогчдын ар гэрийнхэнд ч мөн сэтгэлийн дэм болно гэж найдаж байгаа талаар Малайзын сайд хэвлэлд ярьжээ.
Малайз улсын мөрдөгчид анх онгоцыг чиглэлээсээ хазайсан гэдэг хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэвч энэ онгоцных байж болзошгүй гэх хэд хэдэн онгоцны хэсгийг Африкийн эрэг хавиас мөн Энэтхэгийн далайн арлуудаас олсон байдаг. Энэ онгоцонд явсан хятадын 150 гаруй зорчигчийн ар гэрийнхэн Малайзын агаарын тээврийн компаниас мөн Boeing онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн Rolls Royce, Allianz компани, өөр бусад газраас нөхөн төлбөр шаарддаг байна.
Малайзын засгийн газрын хувьд онгоц олдох нөхцөлд мөн 70 сая ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 2018 онд Энэтхэгийн далайн өмнөд хэсгээр эрэл хайгуулыг явуулах зөвшөөрлийг олгож байсан ч хоёр удаагийн оролдлого хоёул бүтэлгүйтэж байжээ.
“Inmarsat” хиймэл дагуул болон тухайн онгоцны хоорондох автомат холбооны мэдээлэлд тулгуурлаж Малайз, Австрали, Хятад улсууд Энэтхэгийн далайн өмнөд бүсэд 120 кв км далайн усан доорх үзлэг самналт хийсний араас “Ocean Infinity”-ийнхан энэ 2 хайгуулыг явуулсан байдаг байна.