horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Арменийн засгийн газар ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явцыг эхлүүлэх хуулийн төслийг дэмжив

post-img

Армен улсын засгийн газар пүрэв гарагт ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явцыг эхлүүлэх хуулийн төслийг дэмжин батласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Засгийн газрын батласан уг хуулийн төслийг одоо Арменийн парламентад өргөн барих юм.

Гэхдээ Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явц хурдан явагдахгүй гэдгийг улсынхаа ард иргэддээ урьдчилан анхааруулж, эхний ээлжинд бүх нийтийн санал асуулга явуулж, олонхын дэмжлэг авсан тохиолдолд үйл явцыг эхлүүлэх болно гэдгийг тодотгосон байна. Хуулийн төсөл засгийн газраар батлагдахаас нэг хоногийн өмнө Арменийн гадаад хэргийн сайд Арарат Мирзоян мөн мэдэгдэл хийж, ойрын саруудад багтаан Брюссельтэй  хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулан үзэглэх болно, уг гэрээнд виза чөлөөлөх асуудал багтаж магадгүй гэдгийг мэдээлжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Армен улс сүүлийн жилүүдэд Москва-гаас улам зайгаа барих болж, эсрэгээрээ барууныг чиглэсэн бодлого стратеги хэрэгжүүлж, Европтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын төрийн өмчит ТАСС мэдээлийн агентлагт өгсөн ярилцлагадаа “ЕХ-нд гишүүнээр элсэх асуудал нь тухайн тусгаар улсын эрхийн асуудал мөн” хэмээн хэлсэн ч мөн Армен улс Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн учраас ЕХ-нд элсэх боломжгүй гэсэн утгатай зүйлийг ярьсан байна. Өөрөөр хэлбэл ЕЭЗХ-ноос гарч байж ЕХ-нд элсэх болно гэдгийг анхааруулснаас гадна “ЕЭЗХ-ны гишүүнчлэл нь Армен улсад ашиг тусаа өгч байгаа” хэмээн онцолжээ. Одоогоор 27 гишүүнтэй ЕХ-нд шинээр элсэж орох нь он удаан жил үргэлжилдэг үйл явц бөгөөд одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Эстони, Латви, Литва гэсэн Балтийн тэнгисийн гурван улс л ЕХ-нд гишүүнээр элсэн орж чадсан байдаг юм. Харин Арменийн ЕХ-нд гишүүнээр элсэн орох зам тийм ч шулуун дардан байхгүй болов уу.

Учир нь Армен улс нь далайд гарцгүй, мөн ЕХ-ны улс орнуудтай хиллэдэггүй, эдийн засгийн хувьд ОХУ-аас хараат байдгаас гадна өөрийн нутаг дэвсгэр дээрээ Оросын цэргийн баазыг байршуулсан байдаг ажээ.

0/1000