Украины ерөнхийлөгч В.Зеленский ХБНГУ-ын Рамштайн хотноо зохиогдож буй Украинд батлан хамгаалах салбарын дэмжлэг туслалцаа үзүүлэх группын уулзалтанд оролцож байна. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараагаар байгуулагдсан Ukraine Defense Contact Group буюу Рамштайны групп хэмээх эвсэлд нийт 57 улс орон нэгдэн орсон байдаг бөгөөд тэдгээрийн 32 нь НАТО-гийн гишүүн орнууд, 25 нь бусад улс орнууд юм. Энэ удаагийн уулзалтын үеэр Украины төрийн тэргүүн ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд Борис Писториус, АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллоид Остин нартай пүрэв гарагт уулзлаа.
Уулзалтын үеэр ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд Украин улсад дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно гэдгээ бататган мэдэгджээ. Ирэх сард Герман улсад явагдах ээлжит бус холбооны сонгуулийн дараагаар ч гэсэн Украинд үзүүлэх батлан хамгаалах салбарын дэмжлэг туслалцаа үргэлжилнэ гэдгийг тэрээр цохон тэмдэглэж, ойрын үед Украин улсад 2 ширхэг Patriot пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах 3 ширхэг IRIS-T SLM болон SLS систем, 13 ширхэг Gepard загварын танкыг нийлүүлэх болно гэдгийг мэдэгдсэн байна.
В.Зеленский мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзаж, Америкийн Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар санал бодлоо солилцсон байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа тэмдэглэхдээ, уг уулзалтын үеэр хоёр тал дайны нөхцөл байдал, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх, улмаар агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системийн дэмжлэг үзүүлэх, мөн тулааны талбарт дроны үзүүлж буй үр дүнгийн талаар ярилцаж, Украины зэвсэгт хүчинд төрөл бүрийн дрон ихэд хэрэгцээтэй байгааг илэрхийлжээ. Уулзалтын үеэр В.Зеленский Украины дотоодод агаарын довтолгооноос хамгаалах систем болон пуужин үйлдвэрлэх явдлыг зөвшөөрөхийг АНУ-д хандан уриалсан бөгөөд энэ алхам нь Украины аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн Украины төрийн тэргүүн энэ сарын 20-ны өдөр тангараг өргөж, албандаа орох АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаанаас их зүйлийг хүлээж, найдлага тавьж байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаагаа улам ойртуулах ёстой гэдгийг онцолжээ.