Монголчууд эрт дээр үеэс жилийн дөрвөн улиралдаа тохируулан хооллож ирсэн уламжлалтай. Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
Энэ үед улаан идээ буюу махан хоолыг голлож хэрэглэх нь зүйтэй ажээ. Үхэр, хонь, адууны махыг голлож хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд адууны махыг идэр есийн хүйтэнд хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь нэн тустай.
Эр малын махыг тэр тусмаа эцэг малын махыг идэр есийн үед ханиад томуу дэгдэхийн өмнө амдуулж хэрэглэдэг онцлогтой. Эр малын мах тамир тэтгэдэг бол эм малын мах бие махбодыг төлжүүлж, илааршуулах нөлөөлөл өндөр байдаг аж.
Өвлийн улиралд хүний идэж, ууж байгаа хоол хүнсний нөлөөлөл нь чанарын хувьд харьцангуй багасдаг байна. Өлсөж болдоггүй улирал гэж байдаг ба монгол хүний хувьд энэ улирал нь өвөл. Тиймээс давтамжит байдлаар, өлсөхгүйгээр дараагийн хоолоо идэж байх нь чухал юм. Өвлийн улиралд уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь биед тустай. Энэ төрлийн хоол хүнсийг ихэвчлэн өдөр идвэл зохистой гэдгийг Анагаах ухааны доктор (Ph.D), хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтох цахим сургалтынхаа үеэр зөвлөсөн юм.
Үүнээс гадна өвлийн саруудад биеийг дулаацуулах үйлчилгээтэй цагаан гаа, овъёос, халуун шоколад, хар шош, хушга, амтат төмс хэрэглэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.
Ө.Анхзаяа