horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп Путинтэй уулзахаар тохироод байгаа гэжээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар тохиролцоод байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн Мар-а-Лаго эдлэнд мэдэгдсэн байна.

Тэрээр “Тэр уулзахыг хүсэж байгаа, бид уулзалтын бэлтгэл ажлыг явуулж байна, тэр өөрөө ч энэ талаараа олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, бид энэ цуст дайныг дуусгах шаардлагатай байна” хэмээн хэлсэн ч уулзалт хэзээ явагдах талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

Кремлийн зүгээс түүний энэхүү мэдэгдлийн хариуд яриа хэлэлцээ явуулахад нээлттэй гэдгийг онцолсон ч Трамп, Путин нарын уулзалт явагдах эсэх талаар мөн л мэдээлэл хийгээгүй юм.

Д.Трампын хувьд энэ сарын 20-ны өдөр тангараг өргөж, албандаа орсон даруйдаа Украины дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг явуулахаа амласан.

Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт хэлэхдээ Трампыг тангараг өргөсний дараагаар түүний засаг захиргаатай өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ явуулах гэж байгааг мэдээлжээ. Энэ үеэр Д.Трамп, В.Зеленский нар уулзана гэдгийг цухас мэдээлсэн байна.

Д.Трамп өөрийн засаг захиргааны бүтэц бүрэлдэхүүний Украин болон Оросын асуудал хариуцсан тусгай элчингээр өмнө нь үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан, чөлөөндөө гарсан дэслэгч генерал Кейт Келлоггыг сонгон нэр дэвшүүлээд байгаа юм. 2024 оны 4-р сард America First Policy Institute-ээс Украины дайныг өндөрлүүлэхэд АНУ хэрхэн, ямар үүрэгтэй оролцох тухай Кейт Келлоггын бичсэн судалгааны ажлыг хэвлэн гаргаж байсан ба тэрээр энэхүү судалгааны ажилдаа Украин улс Москва-тай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнд хамтран ажиллахыг зөвшөөрсөн тохиолдолд л АНУ-ын дэмжлэг туслалцааг авах ёстой гэсэн үндсэн санааг санал болгожээ. Гэхдээ мөн Москва яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан тохиолдолд АНУ Украинд үзүүлэх зэвсгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх ёстой гэдгийг ч санал болгосон байна.

Украины ерөнхийлөгч В.Зеленский-гийн хувьд Д.Трамп энэ дайныг бодсоноос түргэн хугацаанд өндөрлүүлнэ гэдэгт итгэж найдаж байгаагаа хэлж байсан билээ.

0/1000